Эрдэнэт үйлдвэрийнхэн түүхэндээ хамгийн том эргэлтийн усны холбох суваг барьж, ашиглалтад орууллаа » Төр.мн

Эрдэнэт үйлдвэрийнхэн түүхэндээ хамгийн том эргэлтийн усны холбох суваг барьж, ашиглалтад орууллаа

  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 604 метрийн урттай, 24 метрийн өндөртэй эргэлтийн усны холбох суваг барьж, ашиглалтад оруулж буй нь үйлдвэрийн түүхэнд хийж байгаагүй том хэмжээний суваг боллоо гэж мэргэжилтнүүд онцоллоо. Эрдэнэт үйлдвэрээс хэрэгжүүлж буй "Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хаягдлын санд М4 далан, холбох сувгийн хамт  барьж байгуулах ажил өнгөрсөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Тэгвэл Баяжуулах үйлдвэр болон Авто тээврийн цех, Ил уурхай зэрэг таван цех нэгжийн 40 орчим уурхайчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн баг 140 хоногт багтаан уг бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэн, хүлээлгэж өгөв. 
    Өнөөдөр хаягдлын аж ахуйд болсон холбох сувгийг хүлээн авах үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Авто тээврийн цехийн дарга Д.Мөнхбаатар болон уг ажлын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Энэхүү бүтээн байгуулалтын Зөвлөх инженер, Техникийн хэлтсийн уул, уурхайн тэргүүлэх мэргэжилтэн Д.Очирбат, сэтгэл зүтгэл гаргаж ажилласан нийт уурхайчид, ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлж, хүндрэл бэрхшээл, ачааллын ард нэг зорилго, шийдэлтэйгээр гарч чадсаныг энэ үеэр тодотгов.   

    М4 даланг холбох сувгийн хамт барьж байгуулах ажлын хэсгийн даргаар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн мастер Т.Баярбат ажилласан. Тэрээр  "Биднээс шалтгаалах, эс шалтгаалах янз бүрийн хүндрэлүүд гарч байсан ч тухай бүрт холбогдох цех нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтран шийдэж байв. Хамгийн гол онцлох зүйл гэвэл энэ хугацаанд ямар нэг осол аваар гараагүй. Олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар урьд өмнө манай үйлдвэрт баригдаж байгаагүй том хэмжээний холбох сувгийг бид уул сэтлэн байгуулж, ашиглалтад бэлэн болгосондоо баяртай байна. Энэ ажил, өндөр мэдлэг, туршлагатай ахмад ажилтнууд, ажлын төлөө сэтгэлтэй, эрч хүчтэй залуусын хүчээр хугацаандаа дууслаа” гэж ажлын үйл явцын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.  
    Холбох суваг хүлээн авах үеэр уг ажлын хэсгийн маркшейдр инженерээр ажилласан Т.Самданшийравыг МЗХ-ны "Уурхайчин залуу” алтан медалиар шагнасныг Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх гардуулж өглөө. 
   Шинээр ашиглалтад оруулж буй холбох сувгийн үйлдвэрлэлд өгөх ач холбогдлын талаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодруулахад: "Эрдэнэт үйлдвэр энэ орд газрыг ашиглах, баяжуулах технологийн үйл явцдаа  Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан 20 сая орчим метр куб усыг эргүүлж ашигладаг. Ер нь  үйлдвэрлэлд нэг жилд нийт 80-аад сая шоо метр куб усыг ашиглаж байна. Хаягдлын санд хуримтлагдаад буй 20 сая орчим метр куб усыг үндсэндээ 4-5 удаа хэрэглэдэг. Тиймээс хэрэв энэ ус байхгүй бол үйлдвэрлэл үргэлжлэх боломжгүй. Энэ усны хуримтлалыг Баяжуулах үйлдвэрийн хаягдлын булинга бий болгодог. Тэгэхээр хаягдал ус цэвэршээд, урсаж худагт хүрэх, эргэж очих зам маш хүндрэлтэй үйл явц бөгөөд нарийн инженерчлэлийн тооцоолол дээр хийгддэг.

    Шинэ байгуулсан холбох сувгийн ам нь 1300 метрийн түвшинд, доош урсах түвшин нь 1997 метр байгаа. Өөрөөр хэлбэл, 3 метрийн уналттай ийм холбох сувгийг бид үйлдвэрийнхээ 41 жилийн түүхэнд анх удаа барьж, дуусгалаа. Хаягдлын даланг бид өөрсдөө барьж ирсэн. Харин холбох сувгийн тооцоог бүтэн 2 жилийн турш эрдэмтэд, инженер техникийн нарийн мэргэжлийн ажилтнуудтай хамтран тооцож гаргасан юм. Тиймээс 4М далангийн  бүтээн байгуулалтад нэг шинэ, чухал ажил хийгдсэн нь энэхүү эргэлтийн усны холбох суваг болж байна. Энэ холбох суваг нь үйлдвэрт ашиглагдсан булингын хаялагын худагт очих замыг богиносгож, усны урсацын эргэлтийн усанд очих хурдыг нэмэгдүүлэх үүрэгтэй. Ингэснээр үйлдвэрт ашиглаж буй усны эргэлт сайжирч, ялангуяа өвлийн улиралд эргэлтийн усны усан хангамж сайжрах юм. Мөн далангийн цаана хуримтлагдсан усыг бид ашиглах ёстой. Тэнд 2 сая орчим метр куб ус бий. Үүнийг эргэлтийн усан санд татаж авах нөхцөл боломжийг энэхүү холбох шугам бүрдүүлж байна. Үйлдвэрийн жигд үйл ажиллагааг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж,холбох сувгийн ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэн өгч,  хаалтын далан буюу 4М даланг барьж угсарсан ажлын баг бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч бүх ажилчдадаа үйлдвэрийн удирдлагын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэсэн юм. 


 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News