ТАНИЛЦ: Говь-Алтайд нэр дэвшихээр горилогчид » Төр.мн

ТАНИЛЦ: Говь-Алтайд нэр дэвшихээр горилогчид

 Сонгууль хаяанд ирлээ. Нэг сар гаруйн дараа нэр дэвшигчид тодорч, сонгуулийн ажилдаа орно. 2 сарын дараа сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, үзэл суртлаараа өрсөлдөнө. 
Одоогоос жилийн өмнө шахуу нэр дэвшигчид тойргоо булаацалдах нь булаацалдан, улс төрийн "зодоонууд” ч өрнөсөөр. Тэгвэл манай сайт Улсын их хурлын 2020 оны сонгуулийн горилогчдын талаарх нийтлэлийг цувралаар та бүхэндээ хүргэж байгаа.
 Энэ удаа Говь-Алтай аймгийг онцлох гэж байна. Сүүлийн хэдэн жил хөгжлийн индексээрээ сүүл мушгиж буй аймаг бол Говь-Алтай аймаг юм. Өрсөлдөх чадвар, ядуурлын түвшин, боловсролын түвшингээрээ сүүлээсээ 2-3т жагсах болсон энэ аймаг үндэсний хэмжээний лухгар бизнесменүүдтэй, оюунлаг зохиолч, найрагчидтай, авьяаслаг уран бүтээлтэй гэх.
Харин яагаад энэ аймагт хөгжил "яст мэлхийн хурд”-аар яваад байна вэ? Их хуралд суусан эрхэм гишүүдээс болов уу? эсхүл аймаг удирдаж буй дарга нар нөлөөлөв үү? Хэт намчирахсан улс төржилт, БИ-гээс салаагүй үзлээс болов уу? гээд олон ч асуулт урган гарч байна.
Тэгвэл хоёр сараа дараа болох сонгуульд нэр дэвшихээр санаархаж буй хэд хэдэн горилогчид байна. Говь-Алтай аймаг нэг мандаттай байлаа. Нэмэлт өөрчлөлт оруулсан сонгуулийн тухай хуулиар нэг суудал нэмэгдэж Их Алтайхныг хоёр хүн их хуралд төлөөлөн сууна.
Нэр дэвшихээр горилогчид намынхаа байрнаас салахаа больж, өрсөлдөх мандатаа намаасаа авах гэж хичээсэн, хоорондоо битүү байлдсан хүмүүс энэ тэнд. Тэгвэл олон дунд нэр дэвшихээр яригдаад буй горилогчидтой танилцъя.
МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧИД:
Дугаар №1 МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Мэдээж хамгийн түрүүнд генсек яригдаж байна. Өнгөрсөн хоёр жил шахам хугацаанд "Төрөлх алтай” нэртэй төрийн бус байгууллага байгуулж чамгүй "усалгаа” хийж, иргэдтэй уулзан, гарын бэлэг ч тараасан. Өнгөрсөн жилийн намар Говь-Алтай бүтэн тойрч нийт зардалдаа 1.5 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг юм билээ. Ууган намын генсек Д.Амарбаясгалан ЖДҮХС-ийн зээлд холбогдсоноор түүний сонгуульд өрсөлдөх явдалд "хаалт” болж эхэлсэн бололтой. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-д холбогдсон хэнийг ч дэвшүүлэхгүй гэж хэлснээр ЖДҮ-д холбогдсон хүмүүст 2-рт бичигдэх болжээ. Улс төрийнхөн дунд сонгуульд өрсөлдөхгүйгээр намаа удирдаад сонгуульд орж ялуулбал ЗГХЭГ-ын сайд болгох ам тохироо ч хийгдсэн гэх бор шувуу ч ниснэ лээ.
Дугаар №2 УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд. 2016 онд Говь-Алтай аймгийг төлөөлсөн эрхэм гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд юу хийв? гэдгийг сонгогчид нь дүгнэх буй за. Алтайчуудын хүсэн хүлээж байсан Улаанбаатар-Говь-Алтайг холбох 128 км замыг барина гэж хэдэнтэй тууз хайчилсан санагдана. Ганц мандатын эзэн эрхэм гишүүн харин 11 тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн зээл "цохисон”-ыг цензургүй сурвалжлагын баг ил болгосноор нутгийн иргэд гишүүндээ ихэд дурамжхан болсон гэдэг. Араггүй биз ардын хүүхэд авч чаддаггүй зээлийг эрхэм гишүүн хэдэн тэрбумаар нь авчихсан болохоор түүний рейтинг унасан нь тодорхой. ЖДҮ-д холбогдсон тэрээр бас л 2020 оны их хурлын сонгуульд нэр дэвших магадлал нь багаслаа. 
Дугаар №3 ”Монгол тамхи со” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баянмөнх. Битүү морь гэж хэлж болох түүнийг УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж агсны төрсөн дүү гэдгээр нь нутгийнхан андахгүй. Ц.Дашдорж агсан Говь-Алтай аймгаас хоёр удаа сонгогдон Их хуралд төлөөлсөн энэ үед Ц.Баянмөнх олонд танигдсан гэдэг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр горилж буй бөгөөд нам руугаа гүйдэлтэй болсон гэнэ. Хэрвээ өрсөлдөхөөр мандатаа авч чадвал хүчтэй өрсөлдөгчийн нэг байх болов уу.
Дугаар №4 Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулга. Олон жил алтайд нэр нь яригдаж УИХ-д өрсөлдөх хүмүүсийн тоонд багтаж байсан түүнд энэ удаад боломж гарч магадгүй юм. Учир нь МАН-аас нь хамгийн рейтинг өндөр гэж хэлж болох Д.Амарбаясгалан, Ш.Раднаасэд нар ЖДҮ-гийн зээлд холбогдсоноор нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдаж байгаа энэ үед 2-рт бичигдэж явсан эрхмүүд мандатаа төвөггүйхэн авчихаж мэдэх юм.
Дугаар №5 УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Говь-Алтай аймгаас улс төрийнхөө гарааг эхэлж явсан тэрээр хотын тойргийг нэг сонгож үзэв. Хэдийгээр хотын тойргоос их хуралд сонгогдсон ч энэ удаагийн сонголт нь Говь-Алтай байх магадал өндөр байгаа гэх мэдээ дуулдах боллоо. Бас л ЖДҮ-гийн зээлд холбогдсон гишүүн. Ингэснээр хотын тойрогт нэр дэвшихэд ялалтаас илүү уналтыг үзэх эрсдэл өндөр. Иймээс нутаг руу чиглэсэн байж мэдэх. Намын даргатай ураг садны холбоотой тэрээр нэг удаа нүдээ аниад нэр дэвших үү? эсхүл нэг удаа өнжих үү? гэдгийг харж байя.
АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД:
Дугаар №6 Говь-Алтай аймгийн засаг дарга асан О.Амгаланбаатар. Багагүй хугацаанд аймгийн засаг дарга хийсэн түүнийг эрх баригч намын хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг гэдэг. Цэвэр усны хаяг дээр өөрийн зургаа хэвлүүлж, холбогдох хуулиудыг зөрчсөн хэмээн АТГ-аас сануулга авч байсан ч удаатай. Сайнаас илүү саар мэдээ ихтэй түүний хувьд улс төрд харин хүчтэй нэгэн. Иймээс хэрвээ ЖДҮ-чидтэй өрсөлдвөл бараг л гишүүн гэж нутгийн иргэд ярих юм билээ.
Дугаар №7 Монгол улсын ерөнхийлөгчийн оюутны асуудал эрхэлсэн зөвлөх Н.Лхагвадорж. Залуу үеийн төлөөлөл болсон энэ залууг энэ удаад Алтайд сорих болсон хүн Ерөнхийлөгч гэх. Иймдээ ч энэ залуу итгэл төгс байх шиг. Гэхдээ нас залуу цус шингэн гэдгээр нь түүнийг энэ удаад өнжүүлж мэдэх.
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМААС НЭР ДЭВШИГЧИД:
Дугаар №8 Сэтгүүлч, зохиолч Б.Наминчимэд. 2016 оны сонгуульд Говь-Алтай аймагт бие даан нэр дэвшсэн түүний сонголт энэ удаа МАХН байх уу? Зарим оймсны гишүүдийг бодоход боловсорсон нэгэн ч улс төрийн туршлага тун бага. Дахин сонгуульд үзнэ гэвэл нилээн хүчтэй өрсөлдөгч нартай нүүр тулах шинжтэй.
УИХ-ын 2020 оны сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг энд онцоллоо. Өмнө нь энэ аймгийг Их хуралд нэг л хүн төлөөлдөг байсан бол энэ удаагийн сонгуульд хоёр мандаттай болсноор сонгогчдын СОНГОЛТ хийх боломж улам НЭМЭГДЭЖ байна.
Оюунлаг гэх тодотголтой Алтайчуудын сонголт мэргэн байж, нутагтаа сэтгэлтэй тэднийхээ төлөө "морь” мэт зүтгэх тийм л хүнийг сонгоосой гэж хүсье.
ТӨР.МН
Б.ШҮРЭНЦЭЦЭГ


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News