Б.БАЯРСАЙХАН: Их тойруугийн давхар хурдны зам “Тэнгэрийн тойрог” төслийг Засгийн газраас буцаасан » Төр.мн

Б.БАЯРСАЙХАН: Их тойруугийн давхар хурдны зам “Тэнгэрийн тойрог” төслийг Засгийн газраас буцаасан

  Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод "Тэнгэрийн тойрог” буюу Их тойруугийн давхар гүүрэн зам барихаар шийдвэрлэлээ хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан /2020.03.11/ мэдээлэл хийсэн байдаг. Энэ мэдээлэлдээ "Хотын зам” ХХК-ийн санаачилсан "Тэнгэрийн тойрог” төсөлд Улаанбаатар хотын их тойрууг давхарлан, газраас 6-12 метрийн өндөрт, нийт 13 км урттай, 2 урсгал бүхий 4 эгнээ, тойрог хэлбэртэй 2-р түвшний хурдны зам байгуулж их тойруугийн 9 уулзвар дээр 27 орох гарах цэгээр холбосон, төлбөртэй зам байхаар тусгасан. Ингэснээр Улаанбаатар хотын замын түгжрэлийг 46.5 хувиар, тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг 20 хувиар тус тус бууруулна хэмээн мэдэгдсэн юм.
Гэхдээ уг төслийг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд Монгол улсын засгийн газрын гуравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар "Тэнгэрийн тойрог” төслийн судалгаа тооцооллыг дахин нягтлах шаардлага байна хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмж оруулахаар Засгийн газрын гуравдугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн "Тэнгэрийн тойрог” төслийн урьдчилсан судалгаа, тооцооллыг дахин нарийвчлан судлахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарт даалгаж "Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлаар тогтоол гаргах шаардлагагүй гэж үзсэн байна.
Уг төслийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай ярилцлаа.
"ТЭНГЭРИЙН ТОЙРОГ” ТӨСЛИЙГ ХОЁР Ч УДАА ЗТХЯ БОЛОН ТӨСӨЛ САНААЧЛАГЧИД БУЦААЖ БАЙЖЭЭ
-Гуравдугаар сарын 11-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Тэнгэрийн тойрог” төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн тухай салбарын сайд нь мэдээлэл хийсэн. Үүнээс долоо хоногийн дараа төслийг дахин хэлэлцээд буцаасан байна. Ямар үндэслэлээр буцаав?
-Зам, тээврийн хөгжлийн яамнаас "Хотын зам” ХХК-ийн санаачилсан "Тэнгэрийн тойрог” төслийн саналыг дэмжиж Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулах саналыг анх 2018 оны аравдугаар сарын 29-ны өдрийн 01/5206 дугаар албан тоотоор Үндэсний хөгжлийн газарт ирүүлсэн байдаг. Үүнээс хойш Үндэсний хөгжлийн газраас тус төслийн саналын тооцоо судалгааг нягтлан, зарим тооцооллыг сайжруулах шаардлагатай мөн бодлогын баримт бичигт суугаагүй, холбогдох бусад байгууллагууд дэмжсэн эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хоёр ч удаа санал дүгнэлт гарган, тодруулах асуудал зөвлөмжийг тусган Зам, тээврийн хөгжлийн яам болон төсөл санаачлагчид буцаасан байдаг юм. Улмаар өнгөрсөн 2019 оны сүүлийн хагаст холбогдох талуудад санаачлагч "Хотын зам” ХХК уг төслийг Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг дарга, нийслэлийн харьяа холбогдох байгууллагуудад танилцуулсны үндсэн дээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Хот байгуулалт, хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Авто замын хөгжлийн газар тус тус уг төслийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Ингээд Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмж оруулах саналтайгаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.
Засгийн газар уг төслийг хэлэлцсэн бөгөөд гуравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар дахин танилцуулга хийгдэн "Тэнгэрийн тойрог” төслийн урьдчилсан судалгаа, тооцооллыг дахин нарийвчлан судлах шаардлагатай гэж үзээд төслийг буцаасан.

КОНЦЕССООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ БУЮУ 317-Р ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ЖАГСААЛТАД ОРСНООР ДАРААГИЙН ШАТНЫ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДДЭГ
-Тооцоо судалгаа дутуу байсан гэсэн үг үү?
-Уг төсөл нь Засгийн газраас баталгаа гарахгүй, төсвөөс ямар нэгэн санхүүжилт шаардахгүй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийгдэх, газар чөлөөлөх асуудал харьцангуй бага, замын түгжрэл, нягтралыг бууруулах давуу талтай. Товчхондоо, Их тойруугийн одоо та бидний зорчиж байгаа төлбөргүй замаараа ард иргэд үнэгүй зорчдогоороо зорчино, магадгүй яарч яваа, ажил амжуулах шаардлагатай хэн нэгэн нь энэхүү давхар зам дээгүүр төлбөрөө төлж түгжрэлгүй зорчин ажил төрлөө хурдан амжуулах боломж, сонголтыг ард иргэдэд олгоно гэсэн үг. Урьдчилсан бүх тооцоолол хийгдсэн байсан гэсэн үг л дээ. Иймд Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн Үндэсний хөгжлийн газраас дээрх төслийг концессын "зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломжтой, замын түгжрэл, түүнийг дагалдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хувилбар гэж үзэн Концессын тухай хуулийн дагуу төслийг Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгах асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Концессоор хэрэгжих 317-р тогтоолын жагсаалтад оруулснаар уралдаант шалгаруулалт зарлаж дараагийн шат буюу нарийвчилсан тооцоолол судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төсөл боловсруулагдана гэсэн үг. Энэ бүгдийг хийхийн тулд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардагдана. Үүнийг хувийн хэвшил өөрсдөө гаргаж, эрсдэлээ үүрэх байдлаар явна.
-Засгийн газар буцаасан учир энэ төсөл ингээд зогсох уу?
-Засгийн газрын хуралдаанаар буцаагдсан учраас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах тухай дахин нарийн тооцоолол судалгаа хийгдэнэ. Намрын чуулганы төгсгөлд Алсын хараа 2050 бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Энэ хаврын чуулганаар хэлэлцэн батална. Уг баримт бичигт урт хугацаанд Улаанбаатар хотын дагуул хот, хотын төвлөрөл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлыг тусгасан байгаа. Уг баримт бичиг батлагдсаны дараа дунд хугацааны буюу 2030 он хүртэл ямар зорилтот төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой гараад ирнэ. Тэр үед энэ яригдаад байгаа "Их тойруу”-гийн хурдны замын төсөл нь хэрэгтэй эсэх нь шүүгдээд хэрэгжүүлэх эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг.
-Тэгвэл энэ төсөл ойрын хугацаанд хэрэгжих төсөл биш юм байна?
-Яг тийм. Төсөл дөнгөж судалгаа, тооцоолол дээрээ л явж байна. Засгийн газрын 317-р тогтоолын жагсаалтад орно гэдэг нь уг төсөл шууд хэрэгжинэ гэсэн үг биш. Харин цаашид нарийвчилсан тооцоолол судалгааг үе шаттай хийнэ гэсэн үг юм. ТЭЗҮ-ийг хийхэд зах зээлийн судалгаа, тандалт, автомашины хаагуур явах, хэдэн цаг минутад замаа бүрэн туулах, иргэдийн чадамж, эдийн засгийн тооцоолол, тарифаа хэрхэн тогтоох зэрэг олон нарийн судалгаа хийгддэг л дээ. Зураг төсөл боловсруулах барих-ашиглах-шилжүүлэх төрлийн концессын төслийн уралдаан шалгаруулалтын баримт бичиг боловсруулан, уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахад багагүй хугацаа шаарддаг. Үүний дараа гэрээний хэлэлцээр хийхэд хугацаа шаардана, товчхондоо энэхүү төслийн уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж гэрээний хэлэлцээр хийхэд нэг жил буюу түүнээс дээш хугацаа шаардагдана. Түүнчлэн нийслэлийн иргэдээс ийм зам хэрэгтэй эсэх дээр санал асуулга авч болно. Дээр хэлсэнчлэн бодлогын баримт бичиг батлагдаад ирэхээр тодорхой шийд гарна. Магадгүй хэрэгжихгүй байх ч магадлалтай. Хувийн ААН тооцоолол судалгаа гаргаад бүх эрсдэл, санхүүгээ үүрээд хэрэгжүүлэх төслийг Засгийн газар судалж шийдвэрлэх юм.
"ТЭНГЭРИЙН ТОЙРОГ” ТӨСӨЛ ЦААШ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ЮУ?
-Үндэсний хөгжлийн газар Монгол улсын бодлогын баримт бичгийн уялдаа холбоог хангаж ажилладаг. Замын түгжрэл, нягтралыг бууруулах энэ төрлийн хэчнээн төсөл танай газар байна, тэдгээр төслүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж байна вэ?
-Сүүлийн 20 орчим жил хөгжлийн олон арван төсөл санаачлагдаж гарсан байдаг. Үндэсний хөгжлийн газар энэ төслүүдийг цэгцлэх оролдлогыг хийсэн. Энэ хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд хийгдсэн нэг том ажил бол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах ажил байлаа. Бид энэ дагуу 2018 онд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний үеийг хийж Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Аль болох боломжит нөхцөлд тулгуурлан салбар яамдууд, 21 аймаг, нийслэл дүүргүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бүх төслүүдийг цуглуулж, урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд уялдуулан ангилсан. Үүнд ТЭЗҮ хийгдсэн, хийгдээгүй, зөвхөн санаа төдий байгаа эсэхийг ангилан цэгцлэх арга хэмжээ авсан. Техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн, санхүүжилтийн эх үүсвэр тодорхой төслүүдийг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт оруулж батлуулсан байгаа.
Давхар гүүрэн байгууламж барихын тухайд зарим архитекторууд, барилгын салбарын судлаачдын Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гарц, гаргалгааг тооцож тодорхойлсон судалгаа манай газарт бий. Энэ тооцооллоор Улаанбаатар хотын төв хэсэгт бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, хотын зах хэсгээр хурдны зам барих, хотыг тэлэх байдлаар тусгасан байдаг.
-Ярилцсанд баярлалаа
Нэмэлт тайлбар өгүүлэх нь...
Засгийн газрын хуралдааны үеэр /2020.03.11/ салбарын сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ нийтдээ 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Хурдны зам нь төлбөртэй байх тул нэг тээврийн хэрэгслээс нэг ам.доллар буюу км тутамд 15 центийн хураамж авч зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ нөхнө гэсэн тооцоо гарсныг мэдээлсэн. Давхар гүүрэн байгууламж учир барилга байгууламжийн тооцооллоор буюу зардал, метр квадратын үнэ тусдаа бодогддог байна. Энэ тооцооллоор Тэнгэрийн тойрог замын нэг метр квадратын үнэ нь 2614 ам.доллар байхаар байна. Япончуудын барьсан Нарны гүүрний нэг метр квадрат нь 3000 ам.доллар байжээ.
Олон нийтийн дунд маргаан, шүүмжлэл дагуулаад буй "Тэнгэрийн тойрог” төслийг дахин сайтар судлах шаардлагатай гэж үзэн ийнхүү Засгийн газрын хуралдаанаар буцаасан байна. Дахин тодотгоход энэ төсөл өнөө маргаашийн дотор хэрэгжих төсөл биш бөгөөд судалгаа тооцооллын үндсэн дээр цааш хэрэгжих эсэх нь шийдэгдэх юм байна.
ТӨР.МН
Б.ШҮРЭНЦЭЦЭГ




скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News