Ирж яваа цагийн дууг БИЕ ДААГЧИД дуулна » Төр.мн

Ирж яваа цагийн дууг БИЕ ДААГЧИД дуулна

 
Ханш нээв, амьтад ичээнээсээ гарав. Хаврын чуулган эхлэв, улстөрчид ордноосоо цухуйв. УИХ-ын гишүүд бараг бүгдээрээ шахуу хэвлэлийн хурал зарлаж, татвар бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх хуулийн төсөл санаачилснаа мэдэгдэж, бидэндээ учиргүй хайр зарлав. Гэхдээ энэ бол хайр бол сонгууль угтсан популизм, түр зуурын нялуурал гэдгийг одоо бид чинь мэдэлгүй дээ. Хуучин тогтолцооноос шинэ рүү шилжсэнээс хойш 30 жил МАН, АН тэргүүтэй улс төрийн намууд, улстөрчид Монгол Улсаар ингэж л даажигнасан. Азаар шинэ цагийн салхи сэвэлзэж, хүмүүс хэрсүү болсон учраас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар эрс өөрчлөлт хийж мэдэхээр байгааг судалгааны дүнгүүд нотолно.
Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгааны дүнгээс харахад МАН, АН-ын рейтинг нийлээд 30 хувь ч хүрэхгүй байгаа нь ойрд болоогүй сонин үзэгдэл гэж хэлж болно. Эрх баригч МАН хамгийн ихдээ 15 хувийн рейтингтэй байгаа нь энэ намын түүхэн дэх хамгийн том уналт юм. Цагийн сайханд бараг л 60-70 хувийн рейтингтэй даналзаж явсан улс төрийн нам шүү дээ. Харамсалтай нь "АХ” нам хоцрогдож, ард олондоо нэр нүүргүй болжээ. ЖДҮийн санг цөлмөсөн хулгайчид, бандаашны дуулиан, гэмт хэрэгтэн гишүүд, сайд нар нь намынхаа нүүрийг хөөдсөн нь лав.
АН-тай бол яриад ч хэрэггүй. Цөөнх буюу сөрөг хүчин нь эрх баригчдаасаа бага хувийн рейтингтэй, муу нэр хүндтэй байгаа нь Монголын улс төрийн түүхэнд бас нэгэн анти рекорд тогтоож байх шиг байна. Намынх нь лидерүүд өшөө авагчид болон хувирч, өнгөрсөн дөрвөн жилд өөр хоорондоо байнга нүдэлдэв. Сонгуульд нэр дэвших хүмүүсээсээ 100 сая төгрөг нэхэж арилжаа наймаагаар сонгогдох эрхийг үнэлсэн нь ардчиллаасаа ухарсан, зарчмаасаа няцсан үйлдэл боллоо гэдгийг АН-ын гишүүд ч, олон нийт ч хэлсээр байгаа. Ардчиллын үнэт зүйлсээ хөл дороо дэвсэлдэг Ардчилсан нам гэж ч юу байх вэ.
Мордохын хазгай гэдэг шиг МАН, АН-ын 2020 оны сонгуульд оролцохдоо сонгогчдод санал болгохоор боловсруулсан мөрийн хөтөлбөр Аудитын шалгуурт бүдрэв. Энэ бол тэдний мөрийн хөтөлбөр сонгогчдын саналыг худалдаж авахын тулд биелэх боломжгүй популист амлалтуудыг жагсааж бичсэн гэсэн үг л дээ. Улс орныхоо хямралын үеийн эдийн засгийг элгээр хэвтүүлж, улсаа дампууруулахаас ч сийхгүй болж зомбирсныг бодоход энэ хоёр нам өвгөрч үеэ хэдийнэ өнгөрөөжээ.
МАН, АН гээд "ах” нарынх нь нэр хүнд шалаар нэг болчихсон үед тэдэнд биеэ үнэлэхээс өөр ажилгүй ИЗН, МАХН, ХҮН, БНН, Үнэн ба Зөв, Шинэ намын рейтинг угтаа бол өсөх учиртай. Гэтэл аль ч судалгааны дүнгээс харахад 5 хувийн рейтингтэй нам эдгээр дотор байхгүй байх жишээтэй. Зарим нь ч үнэндээ нэг хүний дохио зангаагаар л хөдөлдөг, улс төрийн нам гэж хэлэхэд хэцүү л харагддаг. Эндээс харахад монголчууд УЛС ТӨРИЙН НАМд итгэл алдарчээ.
Улс төрийн намууд нэгэнт явуургүй болсон энэ цагт олон нийт БИЕ ДААГЧдад итгэл хүлээлгэх өндөр магадлал харагдаж байна. Одоогоос арваад жилийн өмнө хоёр том намыг дэмждэггүй, аль ч тал руу савлаж мэдэх "саарал хэсэг”-ийг дээд тал нь 30 хувь гэж тооцдог байв. Гэтэл "саарал”-ынхан өнөөдөр нийт сонгогчдын 50-60 хувьд хүрсэн нь урьд хожид байгаагүй өндөр үзүүлэлт бөгөөд 2020 оны сонгуульд улс төрийн намууд том цохилт авч, сонгогчид бие даагчдад итгэл үзүүлэх магадлалыг өсгөж байгаа юм.
Ер нь уламжлалт улс төр эвдэгдэж, хэний ч тааварлаагүй хүн Ерөнхийлөгч, парламентын гишүүнээр сонгогдох тохиолдол дэлхийн улс орнуудад олон гарч  байгаа. 2020 оны УИХ-ын сонгуулиар Монголд ч ийм хувьсгал, гэнэтийн эргэлт  гарах магадлал өндөр байна. Товчхондоо бол өнгөрсөн 30 жилд Монголын төр, засгийн эрхийг ээлжлэн барьсан, эвсэлд багтаж ганц нэг сайдын суудлаар арилжаа наймаа хийхээс хэтрээгүй улс төрийн намуудыг энэ удаад олигтой дэмжлэг авахгүй нь тодорхой боллоо.
Хүмүүс ярилцаж тохирсон юм шиг энэ удаад шинэ хүн сонгоно оо гэцгээж байна. Тийм болохоор ирж яваа цагийн дууг БИЕ ДААГЧИД дуулж явна.
Эх сурвалж:niisleltimes.mn


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News