Сонгууль 2020 ТОЙРОГ 26: ХЭН НЬ ХЭН БЭ » Төр.мн

Сонгууль 2020 ТОЙРОГ 26: ХЭН НЬ ХЭН БЭ

УИХ-ын сонгуулийн 2020 оны сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, эдийн засагч Х.Ганхуяг нар нэр дэвшихээр эрхээ өвөртөлсөн.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд "Марал буян” группээр дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг. Товчхондоо ЖДҮ-чин хэрнээ дахин нэр дэвших эрхээ авсан. Түүнийг БГД-ийн иргэдийг хоёр хуваасны нэгийг "атгадаг” гэх болсон. Учир нь АН-ын дарга С.Эрдэнэ иргэдийг баяр ёслолоор хүлээн авч, будаа, гурилаар хуурдаг. Түүний энэ аргыг Ж.Ганбаатар ч дуурайж, БГД-ийн иргэдийн талыг өөрийн болгочихсон. Мэдээж энэ бол амьжиргааны түвшинтэй нь холбож, тархийг нь бус ходоодыг нь үнэлж буй башир арга. Нөгөө талаар "Оргил”-ын гэж овоглогддог түүнийг парламентад "тухалснаас” хойш эгээ л "Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр...” гэдэг шиг тойрогт нь хийгдсэн ажлаас илүү нийслэлийг тойруулж барьсан "Оргил”-уудаас харж болно. Өнгөрсөн хугацаанд тойргийн иргэдийнхээ амьдрах орчныг орхиж, ходоодыг нь хаяахан баярлуулж явсан Ж.Ганбаатар энэ удаа ч намаасаа горилсоор байгаа. Мань хүний бас нэг асуудал нь дүүргийн МАН-ын үүрээ баахан бужигнуулсан учраас дотроосоо ч "намнах” магадлал ихтэй гэх ажээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан. Парламентад хамгийн олон жил "сууж” буй. Баянголд дүүрэгт ялалт байгуулснаас хойш "Бямба гарагийн уулзалт” гээчийг зохион байгуулж иргэдтэй ойр байхыг ихэд хичээх болсон. Түүний хувьд хэдий ахмад парламентч, хамгийн олон удаа сонгогдсон гишүүн гэдэг ч залууст зайгаа тавьж өгөхийг олон нийт ч шаардсаар байсан ч "гүрийсэн”. Туршлагаар арай илүү гэж тооцсон байх магадлалтай. Юутай ч сонголт залуусын гарт байгаа учраас Д.Лүндээжанцангийн нэрийг "дугуйлах” эсэхийг тэд л шийднэ гэсэн үг.

МАН-аас тус тойрогт мандат авсан хүн бол эдийн засагч Х.Ганхуяг. Сүүлийн жилүүдэд С.Эрдэнэтэй "үзэлцсээр” ирсэн. "Хера” группын үүсгэн байгуулагч. Тэр өмнөх буюу УИХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нартай өрсөлдөн ялагдал хүлээж байсан. МАН-д 2017 онд элссэн. Түүнээс хойш МАН-аар "өвчилсөн” гавьяа нь өнөөдөр нэр дэвших эрхийг атгуулсан бололтой. Гэвч мань хүн эрхээ өвөртлөнгүүтээ өрсөлдөгчдийнхөө нэрээ гурил, будаа тараасан гэх асуудалд хутгалдаад байгаа. Тодруулбал, БГД-т МУЗН, дүүргийн Засаг даргын хамтарсан "бэлэг” тараагдсан гэх явдал. Гэвч тэдгээрийг тухайн байгууллагууд биш бөгөөд үүнийг Х.Ганхуяг зохион байгуулсан гэх сураг тарсан. Тэр үнэхээр шударгаар өрсөлдөж, эх орны хөгжлийн төлөө, иргэдийн эрх ашгийг дээдлэн ажиллах гээд байна уу. Эсвэл МАН-д хариу барихын тулд ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулахаар зүтгэж байна уу гэдэг нь сар гаруйн дараа мэдэгдэх болов уу.

АН-ынхан энэ тойрогт тэргүүлэгч байсаар ирсэн гэхэд болно. Тэр дундаа намын дарга С.Эрдэнэ байнга сонгогдож ирснээр гадна дүүргийн бүхий л асуудал түүнтэй холбогддог. Тиймээс ч БГД-ийг иргэд АН-ын дарга С.Эрдэнийн вант улс болох нь гэж эмээдэг. Мань хүн тойргийнхоо ахмадуудыг өөрийн эзэмшлийн амралт, сувилалдаа аваачиж амраасаар бүр "доль” цохьчихсон хэрэг. Харин УИХ-ын гишүүний хувиар хэр ажилласныг нь иргэд тэр бүр чухалчилдаггүй. Энэ жилийн тухайд С.Эрдэнэ АН-ыг толгойлж, сонгуульд оролцох төдийгүй нэр дэвших квот олголтоос болоод нэр хүнд нь багагүй унасан.

Баянголчуудыг төлөөлөхөөр Засаг дарга С.Одонтуяа мөн нэр дэвших эрхээ авсан. Түүний хувьд өмнө нь парламентын гишүүн байсан. Нам дотроо ч С.Эрдэнийн хүн гэгддэг тэрбээр Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр хоёр дахь удаагаа ажиллаж байгаа. Тойргийн бусад өрсөлдөгчөө бодвол Засаг даргаар ажилласны хувьд дүүргээ гаргууд сайн мэддэг болсон нэгэн. Хэд, хэдэн удаагийн судалгаагаар сонгогчид нам бус хүнээ харж сонголт хийвэл гарч ирэх магадлалтай гэгдэж байгаа нэгэн.

Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн асан Д.Батцогт нэр дэвших эрхээ авсан. Уг нь тэр СХД-ийн АН-ын хорооны дарга. Гэсэн ч дүүрэгтээ бус Баянголд очиж байгаа нь "амиа хорлосон”-оос ялгаагүй явдал гэж болохоор. Д.Батцогт өмнө нь төрсөн нутаг Ховддоо нэр дэвшин, парламентын гишүүн болж байсан. Харин энэ удаа бол Баянгол дүүрэг түүнд ёстой цоо шинэ "газар”. Зарим эх сурвалж, унавал өөр томилгооны тохироо хийсэн хэмээж буй. Учир нь С.Эрдэнэ, С.Одонтуяа нартай хамт өрсөлдөх нь сонгуулийн үед бол хамгийн эрсдэлтэй үйлдэл хэмээж байгаа аж.

эх сурвалж:erennews.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News