Ноёд явж, Н.Номтойбаяр ирэх вий! » Төр.мн

Ноёд явж, Н.Номтойбаяр ирэх вий!

 
Сонгууль эхэлчихсэн, солиотой үйл явдлууд өрнөж байна. Тэдгээрийн нэг нь СЕХ-ноос нэр дэвшигчээр зарлагдсан Н.Номтойбаярыг шүүх цагдан хорьсон явдал юм.
Шүүхийн "зарлиг”-аар бол Н.Номтойбаяр сонгууль дуустал хоригдох бололтой. Яг л 2012 онд "Содмонгол”-ын Ц.Анандбазарыг Дорноговьт нэр дэвших гэж байхад нь гурав хоног барьж хориод жагсаалтаас хасч байсан технологи энд хэрэгжив. Хонгил нураагүй, хонгилын түлхүүр барьсан эзэд өөрчлөгдсөн гэдэг үнэн болж таарлаа.
Ерөөс манай төрийн эрх мэдэлтнүүд К. Бинигийн "Удирдаж чадахгүй хүн ямагт эрх булаагч болдог” гэдгийн л сонгодог жишээнүүд болж хувирлаа.
Шүүхээс цагдан хориулах шийдвэр сонссон Н.Номтойбаяр "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улс төр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо” гэж цахим хуудастаа бичсэн байна лээ. Тэрбээр хэн түүнийг хориулсныг мэдэж байгаа аж. Бас энэ нь улс төрийн шалтгаантай гэж шууд хэлжээ.
Эндээс нь харахад Н.Номтойбаяр өөрөө солиотой нөхөр л дөө. Бусад шигээ арга эвийг нь олоод байж чадаагүй. Өнөө цагийн ноёдыг сөрөөд, өрвөлзөөд, босоод ирсэн. УИХ-ын гишүүнээсээ өргөдлөө өгч татгалзаад гахай явган, нохой нүцгэн болсон атлаа сөрж босоод бие дааж нэр дэвшсэн нь "хормойгүй, хууль хамаагүй” болох нөхцөл шалтгааны үндэс болж байгаа юм.
Үнэхээр ч Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн нь эрх баригч намынханд аюулын дохио хангинуулсан биз. Н.Номтойбаярыг дэмжигчдээс гадна, МАН-ынхны санал түүнд очно.
Тэгээд дээрээс нь 801 хүний нэрийг жаахан дээшлүүлээд 1000 гаргаад, аль эсвэл 10 дахин үржүүлээд 8010 хүний гарын үсэг авчхад болох байлаа. Тэгтэл Н.Номтойбаяр 31 мянган хүний гарын үсэг цуглуулсан нь гай дуудсан ч байж мэднэ. 31 мянган хүн дэмжинэ гэдэг дам утгаараа УИХ-д шууд сонгогдсонтой адил юм.
Гэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд "Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа” гэж бий. Түүгээр бол нэр дэвшигч нь нотлох баримттайгаар гэмт хэргийн газар дээрээ л баригдаагүй бол СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглосон. СЕХ-ны зөвшөөрөлтэй гэж байгаа юм шүү.
Юутай ч Н.Номтойбаяр бол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшигч юм.
Нөгөө талаас хуулийг харвал, манай шүүхийнхэн тангарангаа мартаад улс төрийн тонгорог болж ажилласан байна.
Ер нь тэгээд эрх мэдэлд үйлчилнэ гэдэг эргээд юу болдгийг хууль шүүхийнхэн өнөөг хүртэл ухаараагүй л байна уу гэлтэй. Хэдхэн жилийн өмнө улсын хаан байсан эрхэмд үйлчилсэн гэж асуудлаар өнөөдөр хэчнээн шүүгч, прокурор, мөрдөх байгууллагынхан хохирч байгааг тэд харж л байгаа. Магадгүй, тэд хэн нэгний үүрэг даалгавар шууд авалгүй эрх үүргээ хэрэгжүүлсэн байж ч мэднэ. Гэвч өнөөдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүгч нар, бас тухайн хэргийг илрүүлэх ажлын хэсэгт орж ажилласан ажилтнууд шүүхэд дуудагдаад явж байна.
Тушаал өгдөг гээд байсан эрхэм дээдсийн нэр нь ч гардаггүй. Ийм л байхгүй юу.
Тийм учраас л улс төр, хууль хоёр тусдаа байх гарцаагүй шалтгаан бий болоод байгаа юм.
Хамгийн гол нь ингэж хууль шүүхийн байгууллагыг улс төр хөдөлгөдөг, эрх ашигтаа үйлчлүүлдэг байдал цаашид үргэлжлэх ёсгүйг дахин сануулах нь зөв байх.
Өнөөдөр Н.Номтойбаярт ирж байгаа энэ цохилт хэдхэн жилийн дараа ноёдод ирж ч мэднэ. Таашгүй. Үйл явдлуудын өрнөл, сүлжээг харахаар олон том улстөрч өөрсдийн ажиллуулсан "машин”-даа өөрсдөө "хэрчүүлж” дуусч байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл, өөр юу ч биш.
Н.Номтойбаярын хувьд яахав дээ. Хэд хоног Цагдан хорих төвд гоншгоноод байлгүй суугаад л гараад ирнэ. Магадгүй, тэнд байхад нь сонгуулийн санал хураалт болж мань эр УИХ-ын гишүүн болоод төрийн хамгаалалттай гарч ирэх нөхцөл үүссэн байна.
Учир нь сонгуульд ард түмэн санал өгнө.
Тиймээс ноёд явж, Н.Номтойбаяр ирэх сонгуулийн дүн л гарч таараад байна шүү, та минь!

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News