Ц.Эрдэмт: Бие даагчид зөвхөн нийгмийн захиалгаар ийм олноороо гарч байна » Төр.мн

Ц.Эрдэмт: Бие даагчид зөвхөн нийгмийн захиалгаар ийм олноороо гарч байна

Социологич Халбингалазуут Цэвээндоржийн Эрдэмтэй ярилцлаа. 
-Олон нийт сонгууль өгсөн цагаасаа өнөөдрийг хүртэл үр дүнг тооцож үзээд нам сонгох нь хэнд хэрэгтэй вэ гэж өөрөөсөө асуух болж. Таны бодлоор гурван сая хүн амтай Монголд нам хэрэгтэй гэж бодож байна уу. Үгүй бол яагаад?
-Жинхэнэ Монгол Улсад өнөөгийн намын тогтолцоо хэрэггүй. Монгол Улсад 1992 оны Үндсэн Хуулиар тогтоосон сонгуулийн тогтолцоог өөрчилж шинэ Үндсэн Хуулийн дагуу монголчуудын төрийн болон сонгуулийн унаган тогтолцоонд шилжвэл намын тогтолцоо огт хэрэггүй болох юм. Монголчуудын төрийн унаган тогтолцоо бол 10, 100-ын хуваарьтай айлын тогтолцоо билээ. Энэ тогтолцооны дагуу өрх бүлүүд дундаасаа тэргүүнүүдээ сонгож, тэргүүнүүд нь дундаасаа ахлагч, даамал, хошууч, толгойлогч, айлын ах гэх мэтээр шат дараалан Улсын Тэргүүн хүртэлээ арав, арав дотроосоо хоорондоо шалгаруулан тухайн манлайлагчаа тодруулдаг жинхэнэ унаган монгол, мөн чанараараа жинхэнэ ардчилсан тогтолцоо байдаг юм. Үүнийг л Үндсэн хуулиараа тогтоохын төлөө миний бие хүч тэнхээгээ зориулан явж байна.
-Залуу шинэ  сонгож, цус сэлбэх хэрэгтэй гэх ч тэднийг сонгохгүй байх шалтгааныг туршлагагүй, төрд ажиллаж үзээгүй гэсэн тайлбарыг зарим хүн хийх юм. Төр түшилцэхэд туршлага хэрэгтэй юу, ажлаа үнэнчээр хийе гэсэн чин хүсэл, тэмүүлэл хэрэгтэй юу?
-Аль аль нь хэрэгтэй. Өмнө төрийн хар хүн гэсэн ухагдахуун байсан. Тухайн хүнийг түүхэн уламжлалаар бага балчраас нь гэрийн боловсрол, хүмүүжлээр бэлддэг байлаа. Тэд нарт юуны өмнө өндөр ёс зүй, ёс суртахуун, өндөр хариуцлага, төр түмэндээ үнэнч албат байх зарчмыг суулгаж өгдөг байсан. Тэд нар тэр чанараараа мөн ажлын туршлагаараа дээшээ шат ахин дэвшдэг байжээ. Төрийн хар хүний сүүлчийн төлөөлөгчдийн нэг нь БНМАУ-ын АИХ тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай юм. Төрийн хар хүн гэдэг бол уг нь төр түмний боол гэсэн үг юм. Энэ эрхэм дээд цолыг хүн бүр хүртдэггүй байлаа. Энэ цолыг зөхөн арвин туршлага, төр түмний төлөө чин үнэнч, өндөр хүсэл, тэмүүлэлтэй шударга, үнэн, ариун хүн л хүртдэг юм.
Тэгэхээр бид төрийн түшээдийг бэлтгэх тогтолцоогоо өөрчлөөгүй цагт, төрийн тогтолцоог жинэхэнэ монгол болгоогүй цагт бидний төрийн түшээд төрийн хар хүн гэх эрхэм цолд нийцэх хүнийг төрүүлж чадахгүй гэж бодож байна.
-Сонгуулийн маргааш төрийн албан хаагчид бөөн айдастай байх нь бий. Аль нам ялна, тэр намын гишүүд дэмжигчид, дотнын хүмүүс нь ажилтай болж, нэг хэсэг нь ямар ч шалтгаангүйгээр ажлаа өгдөг. Сүүлдээ энэ  нь байх ёстой үзэгдэл мэт боллоо?
-Төрийн тогтолцоог жинхэнэ монгол болгоогүй цагт, намт засгийн дарангуйлалын өнөөгийн төрийн тогтолцоо оршин тогтносон цагт төрийн албан хаагчид өнөөгийн айдастай хэвээр байх болно. Аливаа нэг нам төрд давамгайлсан цагт буюу төрийн толгойд гарсан л бол өөрийн бодлогоо явуулахын тулд өөрийн баг, өөрийн намын хүмүүсээр л төр захиргаагаа бүрдүүлэхийг эрмэлзэнэ. Өнөөгийн намт засгийн тогтолцоотой үед энэ бол хувиршгүй энгийн логик.
-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?
-Намт засгийн төрийн тогтолцоотой Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд зөвхөн Улаанбаатарын төв л хөгжсөн харагддаг. Хөгжил 30 жил хөдөө рүү чиглээгүй. Тийм учраас хөдөө нутаг эзгүйрч Улаанбаатарт Монгол Улсын хүн амын 50% төвлөрсөн. Хөгжил 30 жил гэр хороолол руу чиглээгүй. Тийм учраас гэр хороололд шинэ ажлын байр үүсдэггүй. Гэр хорооллын төрх 100 жилийн өмнөхтэй адил хэвээр л байна. Харин Монгол Улсын хүн амын 90% нь гэр хороололд амьдардаг. Зөвхөн 10% нь тансаг орон сууцтай. 30 жилийн хөгжлийн ийм үр дүнтэй байгаа цагт нийт хүн ам намт засагт муу дүн тавьж өөр сонголтыг хайх болж. Тийм сонголт нь бие даагчид байж магадгүй гэж төр түмэн их найдлага тавьж байна. Бие даагчид зөвхөн нийгмийн захиалгаар ийм олноороо гарч байна гэж миний бие үзэж байна.
-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?
-Монгол Улсын сонгогчид хоёр том намыг ээлжлэн байж болох бүх хувилбараар 7 удаа сонгосон. Гэвч ядуурал буурсангүй. Ажлын байр нэмэгдсэнгүй. Харин орлогын ялгаа, баян ядуугийн ялгарал бүр их ихсэж түүхэн өмнөх үед хэзээч өлсөж үзээгүй монголчууд дунд өлсөж үхсэн гэх тохиолдлууд сонсогдох боллоо. Монголчууд намаас залхсан учраас бие даагчдыг сонирхож байна.
-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.
Баярлалаа!
Халбингалазуут Цэвээндоржийн Эрдэмт

Төрсөн: 1964.06.12.
Боловсрол:
1981 УБ, орос 3 ЕБС
1986 Москвагийн Авто-механикийн ДС
1995 МУИС, социологч
Ажилласан байдал:
1990-1999 ШУА, ОУМСХ, Социологийн хүрээлэн
2002-2005 Их Засаг ИС, Олон Улсын харилцааны тэнхим, багш
2020 ЭКО ЭРИН үндэсний төсөл, гүйцэтгэх захирал
Цол, шагнал:
Их Засаг Их сургууль, хүндэт доктор
Бүтээлээс:
1.Төрийн тухайт монгол онол. УБ, 2002, 2019.
2.Хөгжлийн монгол загвар - III мянган. УБ, 2006, 2009.
3.Их Монголыг босгох төлөвлөгөө. УБ, 2015.
4.Монгол соёлоос Монгол төр - Монгол Эх Цааз (Шинэ Үндсэн хуулийн төсөл). УБ, 2016.
5.Монгол товч таталган бичиг - цагаан толгой, дүрэм, тайлбар. УБ, 2018.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News