Шатахууны үнийг компаниуд шийднэ гэв » Төр.мн

Шатахууны үнийг компаниуд шийднэ гэв

Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотойгоор шатахууны үнэ буурах боломжтой гэж хүлээх иргэд цөөнгүй байна. Шатахууны үнийг бууруулах эсэхийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс тодруулаа.

-Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурч одоо нэг баррель нь 50 ам.долларт багтаж байна. Энэхүү үнийн бууралт манай зах зээлд нөлөөлөхгүй байна. Хэзээнээс нефтийн үнэ буурах вэ?

-Өнгөрсөн 2014 оны наймдугаар сараас эхлээд газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр эрчимтэй өсч, буурч эхэлсэн. Нэгдүгээр сар гэхэд нилээн эрчтэй буурч нэг баррель нь 50 ам.доллар дотор орж ирж байсан бол явцын дунд 67 ам.доллар хүртэл нэмэгдсэн. Энэ үед манай нефть импортлогчид литр шатахуун тутамд 50-60 төгрөгийн алдагдалтай ажилласан ч энэхүү алдагдлыг үүрээд гарсан. Харин одоо дахин газрын тосны үнэ буураад байна. Үүний нөлөө ирэх есдүгээр сараас эхлэн манай зах зээлд мэдрэгдэж эхэлнэ. Дараагийн сард нефтийн бүтээгдэхүүн төрөл бүр дээр тонн тутамд 60 орчим ам.доллараар буурах төлөвтэй байна. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт бууралт, ам.долларын ханшнаас үл хамаарч иргэдийг цочроохгүй, зах зээлийг доргиохгүй байх асуудалд бид анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Ирэх есдүгээр сараас нефтийн үнийг бууралт зах зээлд мэдэгдэж эхэлнэ гэлээ. Тэгэхээр ирэх сараас эхлэн шатахууны үнэ буурах боломжтой гэсэн үг үү?

-Бүх компаниудаас маш сайн татвар авч байгаа. Зах зээл дээр хэрхэн өрсөлдөж зах зээлээ хэрхэн авч явах эрхийг компаниудад өгсөн. Өрсөлдөөний зарчмаар явж байгаа шүү дээ. Үнийг бууруулах эсэх нь компаниудын шийдэх асуудал гэсэн үг. Улсаас бол авах татвараа тултал нь аваад явж байна. Өөрөөр хэлбэл компаниуд литр тутамд 520-540 төгрөгийн татвар төлж байна. Урьд нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өндөр байхад гаалийн татварыг нэг хувь хүртэл буулгаж онцгой албан татваруудыг тэглэж байсан. Өөрөөр хэлбэл иргэд татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлж байсан гэсэн үг юм. Харин одоо газрын тосны үнэ буурсан энэ таатай нөхцлийг далимдуулаад улсаас авах ёстой бүх татвараа авч эхэлсэн.

-Нефть импотлогч компаниуд хэдэн төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа вэ?

-Төлөвлөсөн ёсоор бол энэ 2015 онд 248 тэрбум төгрөгийыг улсын төсөвт төвлөрүүлэх юм.

-Манай улс хэд хоногийн шатахууны нөөцтэй байна вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 45, ТС-1 44 хоногийн нөөц бий.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News