Хотон нуурын орчимд зэрлэг гахай нутаглажээ » Төр.мн

Хотон нуурын орчимд зэрлэг гахай нутаглажээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Бага түргэн, Шар булаг хэмээх газарт энэ зунаас зэрлэг гахай нутаглаж эхэлжээ.
Тус газар нь Цэнгэл сумын төвөөс 110 км, Ховд гол эх авдаг Хотон нуураас 20 орчим км зайтай. Энэ талаар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Талгатбекээс тодруулахад, "2016 онд сумын төвөөс холгүй Цагаан голын аралд гурван зэрлэг гахай ирж суурьшсан. Дараа жил Арал толгой орчмоор нутаглаж, нэг жил Мухар хэмээх газарт өвөлжсөн.
Харин энэ жил Бага түргэн, Шар булаг, Найман харгайд зусаж байгаа айлуудын орчмоор тавуулаа ирж нутаглаж байна. Гэхдээ эдгээр амьтад анх хаанаас ирсэн нь тодорхойгүй. БНХАУ-ын Алтай аймаг, эсвэл манай аймгийн Ногооннуур сумаас ирж, өөртөө амьдрахад тохиромжтой газар хайж байгаа болов уу хэмээн таамаглаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутагт ан агнах хориотой тул манай байгаль хамгаалагчид хяналт тавьж ажиллаж байгаа" гэлээ.
Түүний тайлбарласнаар зэрлэг гахай нь хүн, малд ямар нэгэн аюул учруулдаггүй. Эсрэгээрээ ургамлын олон янз байдалд нөлөөлж, ургамлын үндсийг идэхдээ хөрсийг сэндийлгэдэг тул хөрсний дээд давхарга дахь тэжээллэгийн эргэлт, ялзмагтах явцыг түргэсгэдэг, үр тараадаг зэрэг эко системд эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News