Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2000 төгрөг болгохыг дэмжлээ » Төр.мн

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2000 төгрөг болгохыг дэмжлээ

 
Аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар хамтран Дархан сумын хог хаягдлын үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийх ажлын хүрээнд "Хог хаягдлын үйлчилгээний хураамжид нэмэлт өөрчлөлт оруулахад СӨХд болон иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг пүрэв гарагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. 
Уг хэлэлцүүлэгт Дархан сумын 1-18 дугаар багийн ИНХ-ын дарга, Багийн Засаг дарга нар, Бүх СӨХ-ны дарга нар, төрийн бус байгууллага,” ДДЦС” ТӨХК, "Дархан Төмөрлөг” ХК, "Дархан нэхий” ХК, "Тээвэр Дархан” ХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, иргэд зэрэг нийт 150 гаруй хүн оролцож саналаа илэрхийллээ. 
Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 76 дугаар тогтоолоор батлагдсан үнэ тариф буюу айл өрхийн хог хаягдлыг нэг өрхөөс сарын 1000 төгрөгийн хураамж авч үйлчилж байгаа аж. 
Харин уг үнэ тарифыг нэмэгдүүлж, нэг өрхөөс 2000 төгрөгийн хураамж авах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд дэмжиж буйгаа илэрхийллээ.
Ийнхүү үнэ тарифыг нэмэгдүүлэх болсон шалтгаан нь  орлогоороо урсгал зардлаа ч нөхөж чадахгүй нөхцөл үүссэнтэй холбоотой гэнэ.
Дархан сумын 18 багт нийт 25000 гаруй өрх, 79,000 гаруй хүн амтай бөгөөд 2017 онд гэр хороолол, орон сууц, аж ахуй нэгж байгууллага, барилгын гэсэн эх үүсвэрээс дунджаар 28,1 тн хог хаягдал гарчээ.  Орон сууц, орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг ААНБ, тусгай байртай ААНБ, гэр хорооллоос хог ачиж тээвэрлэсний хураамжаар 2017 онд 400 сая, 2018 оны эхний 9 сард 304 сая төгрөгийн орлого орсон боловч ажилчдын цалин, НДШ, шатахуун зэрэг үйл ажиллагааны зардалд 733 сая төгрөг зарцуулагдсан байна. Иймээс Хог хаягдлын менежментийн бодлогыг хэрэгжүүлэх, тэр дундаа хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлэх шаардлагатай тухай НААҮГ-ын ерөнхий инженер Д.Ханджаргал онцоллоо.
Түүнчлэн хог хаягдлын тухай хуулийн 8.1.2-т "Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга нь нутаг дэвсгэртээ мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно” хэмээн заасан байдаг бөгөөд нэн тэргүүнд Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулан хог хаягдлын үйлчилгээний хураамжийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд орон нутгийн иргэдээсээ санал авч тусгаж байна. 
Аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь хотын төв, хот доторх ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэл гэрэлтүүлэг, хог хаягдал, орчны бохирдол устгах тээвэрлэлтийг хариуцан ажилладаг юм.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News