Хөхүүр хийх аргыг уламжилж, тасралтгүй хийсээр байна » Төр.мн

Хөхүүр хийх аргыг уламжилж, тасралтгүй хийсээр байна

 
Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулсан "Эх оронч худалдан авалт-Орон нутгийн үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаанд тавигдсан 100-120 литрийн багтаамжтай хоёр ширэн хөхүүр олны анхаарлыг татаж байлаа. Хөхүүр хийх аргыг ээж ааваасаа уламжилж, тасралтгүй хийж байгаагаа хөхүүрийн эзэн Луус сумын Наран багийн малчин Б.Эрдэнээ хуучилсан юм.
Тэрээр эхнэрийнхээ хамт хөхүүрээс гадна морины ногт, хазаар, чөдөр, олом гээд монголчуудын шир, сураар хийж болох ахуйн бүхий л хэрэглэл, эсгий ширмэл гээд олон төрлийн бүтээгдэхүүнтэй иржээ.
Монголчууд эртнээс үхрийн ширийг боловсруулан хөхүүр хийж, хөхүүрэнд айргаа исгэж ирсэн уламжлалтай. Харин Монгол Улс зах зээлд шилжсэнээр 120, 200 литрийн багтаамжтай хуванцар сав урд хөршөөс орж ирэх болж, айргаа исгэдэг нандин уламжлалаа орхигдуулж, хөхүүрэнд айргаа исгэдэг айл ховордсон байсан.
Хуванцар саванд исгэсэн айраг маш хурдан хахарч, савны эвгүй амт шингэсэн байдаг бол хөхүүрийн айраг  ямар ч халуунд хахардаггүй, зөв исч, хүний биед илүү шингэц сайтай байдгаараа онцгой ажээ.  
Харин сүүлийн жилүүдэд малчид хөхүүрэнд айргаа исгэх сонирхолтой болж, хөхүүрийн эрэлт нэмэгджээ. Жилдээ 8-9 хөхүүр хийгээд зарчихдаг хэмээн Б.Эрдэнээ танилцууллаа. Сүүлийн жилүүдэд малчид хөхүүр их сурдаг болсон хэмээн тэр нэмж ярьсан юм.
Үхрийн ширний том, багаас хамаарч, хөхүүрийн хэмжээ 80-120 литрийн багтаамжтай болдог байна. Үхрийн ширээ уламжлалт гар аргаар боловсруулж, эсгэж, оёж хийсэн хөхүүр нэг сая хүртэл төгрөгөөр зарагддаг ажээ.
Өвлийн цагт малчдын ажлын ачаалал харьцангуй хөнгөрч, гэртээ бүтээгдэхүүнээ хийх зав чөлөө гардаг учраас суран эдлэл, эсгий ширмэлээ хийдэг байна.
Малчдын орлого орох үе цөөн, тогтмол орлого байдаггүй. Харин уламжлалаа хадгалж, үр хүүхдүүддээ өвлүүлж чадвал тэдний хувьд давхар өрхийн үйлдвэрлэл эрхэлж, байнгын орлоготой, ашигтай байх боломж байгааг Б.Эрдэнээгийн гэр бүл харуулж байна. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News