Үе үеийн Хүйн эхчүүд-эх баригч нарын баяр онцгой боллоо » Төр.мн

Үе үеийн Хүйн эхчүүд-эх баригч нарын баяр онцгой боллоо

Олон Улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн үе үеийн хүйн эхчүүд, эх баригч нар Мандалговь хотноо цуглаж, хамтдаа баяраа тэмдэглэсэн онцгой нэгэн үйл явдал болж өнгөрлөө.
Хүмүүний энэ л орчлонд дуу хадаан ирэх тэр л агшинд эх барьж авсан эгэл хүмүүнээ монголчууд "Хүйн эх” хэмээн хүндлэн дуудаж, жил бүр золгож, ээжээсээ дутуугүй хайрлаж ирсэн уламжлалтай. Энэ уламжлал, хайр хүндэтгэл сүүлийн жилүүдэд мартагдах шахсан байсныг сэргээн ийнхүү ёслол төгөлдөр тэмдэглэж, хорвоод анх өлгийдөж авсан ээжтэйгээ уулзан талархах сайхан боломжийг мандалговьчуудад олгожээ.
Эх баригч Ц.Сайнжаргал, түүний хүү Л.Ганбаяр нарын санаачилгаар, анхны эх баригчдын нэг Р.Гаваагийн хүү, "Ган илч" ХХК-ийн захирал О.Ганбатын ивээн тэтгэлгээр, ахмад эх баригч Т.Дэлгэрийн хүү, Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Доржсүрэн, эх баригч М.Мөнгөнцэцэг нарын дэмжлэгтэйгээр энэхүү буянтай үйл ажиллагааг зохион байгуулсан ажээ.
1950 онд Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд асан н.Түмэндэлгэр эх барихын 6 сарын курсыг анх хичээллүүлж, анхны таван эх баригчийг бэлтгэж байжээ.
Үе үеийн хүйн эхчүүд-эх баригч нарын баярын үйл ажиллагаанд одоо байгаа 73 эх баригчаас 64 нь зорин ирж оролцсоноос хамгийн ахмад нь 84 настай Ц.Цэвээн байсан бол хамгийн залуу нь 25 настай Б.Бямбацэцэг байлаа.
Энэхүү баярын өдөр аймгийн ТХДЖТ-аас "Хүйн эхчүүд”-дээ зориулсан хүндэтгэлийн концерт тоглон, баярын хурал хийж, олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон хүүхдийг эх барьж авсан эхчүүдээ ЭМЯ-ны болон аймгийн Засаг даргын шагналаар шагнан урамшуулж, хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ.
Тус аймгийн хэмжээнд 1996 онд 1189 эх төрж байсан нь хамгийн олон төрөлттэй жил байсан бол 2011 онд 766 эх төрж байсан нь сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн цөөн төрөлттэй жил  байжээ.
Дундговь аймаг сүүлийн 10 жилийн хугацаанд эхийн эндэгдэлгүй аймаг болж, амжилттай ажиллаж байгаа нь үе үеийн чадварлаг эх баригч нар, "Хүйн эхчүүд”-ийн алдар гавъяа юм хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Г.Бат-Орших баярын хурал дээр хэлсэн үгэндээ онцолжээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News