Энгийн нэг хаягдал цаасыг үнэ цэнтэй болгож, буян хийж яваа буурай » Төр.мн

Энгийн нэг хаягдал цаасыг үнэ цэнтэй болгож, буян хийж яваа буурай

Олон жилийн өмнөөс бидний хог хэмээн хаясан цаас, хуанли, баримт сэлтийг цуглуулж, түүнийгээ ном, дэвтэр болгон дээр нь судалгаа, баримт, төрөл бүрийн мэдээллийг нэгтгэн гараараа бичиж, амьд архив болсон нэгэн эрхэм Дундговь аймагт амьдарч, өдгөө 80 насыг зооглож явна. Түүнийг Цэрэнцоогийн Лхүндэвдорж гэдэг. 
Тэрээр 1990-ээд оны эхээр өндөр насны тэтгэвэртээ гарч, ажил хөдөлмөр хийж, явсан цаг үеэ эргэн хараад өөрийгөө чамлаж, түүнээс хойш энэ ажлаа өнөөдрийг хүртэл хийж, сайн үйлс бүтээж яваа хүн юм. Мэдээлэл цуглуулах ажлаа 1988 оноос эхэлсэн байдаг.
2005 онд АНУ-ын Мерси Кор төслийнхөн Монгол Улсад судалгаа хийж, сайн дурын үндсэн дээр, хөрөнгө санхүү гэлгүй бусдад буянтай үйл хийж, тусалж явдаг хүмүүсийг тодруулах судалгаа хийхэд Дундговь аймгаас хоёр хүн сонгогдсоны нэг ньЦ.Лхүндэвдорж. Тус байгууллагаас түүний үйл ажиллагааг дэмжин, бусдад түгээн дэлгэрүүлэх үүднээс "Нийгмийн энтрэпрэнэр”-ээр өргөмжилж, 2005-2008 онд түүний бүтээлүүдээр "Түүх алдрын танхим” байгуулж, санхүүгийн дэмжлэг олгон хамтарч ажиллаж байжээ.
Түүний судалгааны материал маш өргөн, бүх судалгааг өөрөө гараар бичиж, архивлан хадгалдаг онцлогтой.
Тэрээр 1924 оноос хойших улсын хэмжээний малын дүн мэдээ, 1971 оноос хойших аймгуудын малын тоо, Дундговь аймгийг байгуулсан 1942 оноос хойших малын тоо мэдээг он оноор нэгтгэн гаргасан байдгаас гадна Монгол Улсын хэмжээний алдартан, гавьяатнууд, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс, аймгийнхаа хэмжээнд төрийн шагнал, салбарын тэргүүн, аймгийн Засаг даргын жуух, "Хүндэт тэмдэг”, "Хүндэт иргэн” зэрэг шагналууд авсан, "Хүндэт дэвтэр”-т бичигдсэн гээд бүх хүний мэдээллийг он оноор цуглуулсан ажээ.
Түүний бүтээл дунд Дундговь аймгийн сумдын түүх, байгууллагуудын түүх, аймагтай холбоотой бүхий л мэдээлэл, тоон баримтууд байдаг.
Түүхийн номоо туурвихын тулд түүнээс ирж мэдээлэл авсан байгууллага, сум олон.
Судалгааны материалаа нэгтгэн бичихдээ хуучин хаягдал цаас, номын хавтсыг ашиглан өөрөө нааж, эвлүүлж, ном болгож хийдэг.
Сүүлийн жилүүдэд ийм маягаар жижиг тэмдэглэлийн дэвтэр хийж, сургуулийн сурагчдад бэлэг болгон өгч байгаа, 1000 гаруй дэвтэр хийсэн хэмээн тэрээр ярьсан юм. Энэ бол нас өндөр болсон миний хувьд буян хийж байгаа хэрэг, социализмын үед амьдарч байсан надад мэдэх нэг ч маань байдаггүй, тиймээс ингэж л буян хийж сууна даа хэмээн тэрээр нэмж хэлсэн.
Одоо Ц.Лхүндэвдорж судалгааны материалуудаа С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн номын санд байрлуулж, өөрөө тэнд суун бүтээлээ туурвиж байна
Гараар ном бичих нь битгий хэл, тэмдэглэлээ ч бараг бичихээ байсан өнөө цагт түүний гараар бичсэн энэ бичмэл, судалгааны материалууд ирээдүй хойч үедээ үлдээж байгаа үнэлж баршгүй үнэ цэнтэй бэлэг юм.
Ийм л нэг буянтай үйл хийж, хойч үедээ өнгөрсөн болон өнөө үеийн түүхээ өөрийн гараар бичин үлдээж байгаа түүхэн, эрхэм хүн аймгийн төв номын санд суун ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News