Адуугаараа алдартай Эрдэнэдалай сумын баяр наадам өргөн дэлгэр боллоо » Төр.мн

Адуугаараа алдартай Эрдэнэдалай сумын баяр наадам өргөн дэлгэр боллоо

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Эрдэнэдалай сум байгуулагдсаны 96 жилийн ой,тавин таван түмэн сүргийн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо.
Эрдэнэдалай сум 2017 онд мал сүргийнхээ тоогоор Монгол Улсын хэмжээнд хамгийн олон малтай сумаар шалгарч байсан бол 2018 онд 557.3 мянган толгой мал тоолуулж, хоёрдугаар байрт  шалгарсан аж.
Наадмын нээлтэд сумын Засаг дарга С. Мөнхбаатар, Монгол Улсын  гавьяат эдийн засагч М.Намжил, Монгол Улсын аварга малчин, ХАА-н профессор Ц.Цэрэндорж, аймгийн заан Э.Золбоот, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Дундговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Золбоот, нутгийн уугуул, суугуул иргэд, зочид төлөөлөгч оролцсон юм.
Баяр наадамд 64 бөх зодоглож, Монгол Улсын начин А.Алтанхуяг түрүүлж, Монгол Улсын начин Э.Даш үзүүрлэжээ. Нэг сумаас төрсөн улсын цолтой хоёр бөх сумынхаа наадамд үзүүр түрүүд үлдэн барилдаж, нутгийн зон олноо баясгасан нь наадамчдын сэтгэлийг баясгав.
Тавин таван түмэн сүргийн наадамд 62 азарга уралдаж, Эрдэнэдалай сумын харъяат Х.Батсайханы хүрэн, 80 гаруй шүдлэн уралдсанаас Хулд сумын уяач Н.Доржсамбын Саарал, 60 гаруй хязаалан уралдсанаас Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн С.Мөнхбатын Хар магнайдаа тоосгүй хурдлав.
Харин 70 гаруй их морь гарааны зурхайгаас уралдахад Эрдэнэдалай сумын харъяат Б.Бямбадэлгэрийн Зээрд халзан, 60 гаруй соёолонгоос Хан-Уул дүүргийн харьяат Ц.Цолмонгийн зээрд, 55 даага уралдсанаас Сайхан-Овоо сумын харьяат Д.Батболдын бор тус тус түрүү магнайд хурдалж, наадамчин олноо баясгажээ.
Сурын харваанд улс аймгийн цолтой 40 гаруй харваач цэц мэргэнээ сорьсоноос насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын мэргэн Б.Баярсайхан, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Монгол Улсын мэргэн Г.Батзаяа, хүүхдийн харвааны төрөлд Эрдэнэдалай сумын харьяат Э.Энхмэнд тус тус түрүүллээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News