Өвөлжилтийн байдалтай танилцан, отрын бүс нутагт ажиллав » Төр.мн

Өвөлжилтийн байдалтай танилцан, отрын бүс нутагт ажиллав

Дундговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хамт Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн асуудлаар хуралдсан хуралд оролцож, аймгийнхаа оторчидтой уулзжээ.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн асуудлаар болсон тус хурлын үеэр отор нүүдэл хийж буй малчдаас татвар татаас нэхэх, мэдэгдэл өгч, хөөх зэрэг асуудлууд удаа дараа гарч байгаа талаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн тавьсан асуудлыг хэлэлцэж, цаашид отроор орж ирсэн малчдыг хөөхгүй байх, татвар татаас нэхэхгүй байх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Мөн Говьсүмбэр аймгийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрч, тус аймгийн нутагт оторлох, отрын бүс нутаг руу нүүдэллэж байгаа малчдад дайран өнгөрөх зурвас гаргаж өгөхөөр болжээ.
Түүнчлэн Дундговь аймгийн оторчдын мал сүргийг тарилга, туулга, үзлэгт хамруулсан эсэхэд хяналт тавих, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх асуудлыг ярилцан шийдвэрлэж, цаашид өвлийг өнтэй давахын тулд отор нүүдэл хийж буй малчдыг дэмжих, отрын бүс нутгийн талаарх асуудлыг Засгийн газарт тавьж, шийдүүлэхээр боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Ажлын хэсэг Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан суманд отор, нүүдэл хийж буй зарим малчин өрхүүдтэй уулзан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчдын санал хүсэлтийг сонссон байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News