Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа » Төр.мн

Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа

Аж ахуй, үйлчилгээний цехийн Хими цэвэрлэгээний машинист Ц.ГЭРЭЛМАА

"Энэ уулын буянд бид сайн сайхан амьдарч, хойч ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөж, өөрсдийн аз жаргал, ирээдүйг бүтээж яваа шүү” гэж өглөө бүр Эрдэнэт уулаа сэтгэлдээ бодож сэрдэг дээ. Үйлдвэрээрээ бахархаж байна. Хүн ер нь сэтгэлийн үгээ хэлэх боломж тэр бүр гардаггүй бололтой. Эрдэнэт үйлдвэрийг бүтээн цогцлооход гар бие оролцсон үе үеийн уурхайчиддаа талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Би Эрдэнэт үйлдвэрт 33 жил ажиллахдаа 17 жилийг нь энэ хамт олонтойгоо үдэж байна. Ээж шиг, эгч шиг нь байж, найз нөхөд болж ээнэгшин дассан хамт олондоо хайртай. Та бүхнийхээ хүчинд өдий зэрэгтэй яваа юм шүү. Тэтгэврийн нас ойртох тусам сэтгэлд нэг зүйл тороод ч байх шиг. Хамт олноо их санах байх. Эрдэнэтийн уурхайчдын сүлд дуу "Уурхайчин би”-г амандаа аялж, автобусны цуваагаа хараад огшиж суудаг би жирийн л нэг уурхайчин. Үйлдвэрийнхээ удирдлагууд, нийт уурхайчиддаа, тэдний үр хүүхэд, ач зээ нар, гэр бүлд сайн сайхныг хүсье.
Засвар механикийн заводын Уул уурхайн хүнд механизм, тоног төхөөрөмжийн засварчин С.БАТЗОРИГ

Монгол улсдаа төдийгүй дэлхийд үнэлэгдсэн, ТОП 10 үйлдвэрийн нэг болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 15 дахь жилдээ ажиллаж байгаадаа баяртай байна. Үйлдвэрийн газраас тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, орчин үеийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлүүлэхийн зэрэгцээ ажилчдаа мэргэжлийн талбар дээр мэргэших, хөгжихөд ихээхэн анхаарч байгаа нь сайшаалтай юм. Би мэргэжлийнхээ дагуу ур чадвараа нэмэгдүүлэн, цаашдаа улам хичээж ажиллах болно. Хамт олондоо халуун баяр хүргэе.
Тээвэр ложистикийн төвийн Бүтээмж, инновацын мэргэжилтэн З.БАТЦЭНГЭЛ

1978 онд илгээлтээр Эрдэнэт хотод ирэх шийдвэр гаргасан аав, ээждээ маш их баярлалаа. Өнөөдөр би аав, ээжийнхээ үргэлжлэл болж, хүүтэйгээ мөр зэрэгцэн үйлдвэртээ ажиллаж байна. Бид удам дамжсан уурхайчид. Тийм ч учраас үйлдвэртээ маш их хайртай. Аав ээж минь, "Бор ууландаа залбирч яваарай” гэж захидаг. Бор ууландаа, Эрдэнэт үйлдвэртээ маш их баярлалаа.

Дулааны цахилгаан станцын Лабораторийн эрхлэгч Д.ТӨГСБАЯР

Би Эрдэнэт үйлдвэрт 19 жил ажиллахдаа өдий дайны ажилтай, мэдлэг мэргэжилтэй болсондоо баярлаж явдаг. Хүн бүр үйлдвэрийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэж би хувьдаа боддог. Миний чадах зүйл бол эргэн тойрондоо зөв хандлага түгээх юм. Ер нь зөв хандлагатай, эргэн тойрны уур амьсгал эерэг байвал бүх ажил бүтэмжтэй байна гэдэгт итгэдэг. Та бүхэндээ үйлдвэрийнхээ ойн мэндийг хүргэж, бүгдээрээ эерэг хандлага түгээе гэж уриалмаар байна.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News