Орхон аймгийн ахмадууд ордонтой боллоо » Төр.мн

Орхон аймгийн ахмадууд ордонтой боллоо

Ахмадын ордны барилга байгууламжийг хүлээн авах ёслол болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Одонтуяа зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцсон байна.
Орхон аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 53 ахмадын анхан шатны зөвлөл байдаг. Эдгээрийг нэгтгэн зохион байгуулж төвлөрсөн цогц үйл ажиллагааг явуулах зорилгоор 2014 оны 9-р сард ахмадын ордон байгуулах ажил эхэлсэн байдаг.
Ахмадын ордны барилгын ажлын гүйцэтгэгчээр Атта Чр компани ажилласан ба нийтдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 750 орчим сая төгрөгөөр барилга, гадна зам талбай, тохижилтын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өглөө.
Орхон аймаг 8 мянга гаруй ахмадтай бөгөөд ордонтой болсноор ахмадын нийгмийн бүхий л асуудал шийдвэрлэгдэж, нэгдсэн зохион байгуулалттай болох зэрэг чухал ач холбогдолтой гэж орон нутгийн зүгээс үзэж байна. Цаашдаа ахмадын ордны үйл ажиллагаа, ашиглалтыг нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хариуцан ажиллах юм.
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас ахмад настны нийгмийн асуудлыг дан ганц тэтгэвэр тэтгэмжээр хязгаарлах бус хөдөлмөрлөх, боловсрох, хөгжлийн асуудлуудыг хууль эрх зүйн хувьд баталгаажуулах, материаллаг бааз орчныг бий болгох чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэдгийг С.Эрдэнэ сайд онцолсон.
Ахмадын ордны үйл ажиллагаа  аравдугаар сарын 1-ээс эхлэх юм байна. Цаашдаа яамны зүгээс 21 аймагт ахмадын хөгжлийн ордон байгуулах зорилтыг тавьжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News