Сувиллын цэцэрлэг ажиллуулж эхэлжээ » Төр.мн

Сувиллын цэцэрлэг ажиллуулж эхэлжээ

Баруун-Урт сумын ЗДТГ, аймгийн нэгдсэн эмнэлэг /АНЭ/, дөрөвдүгээр цэцэрлэгтэй хамтран хувилбар сургалт ба сувиллын цэцэрлэгийг ажиллуулж эхэллээ. Цэцэрлэгт явж байгаагүй 2-5 насны хүүхдүүд болон АНЭ-ийн хүүхдийн тасагт байнга хэвтэн эмчлүүлдэг зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагдаж байна.
Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн материаллаг бааз дээр түшиглэн энэ удаагийнхаа хувилбарт цэцэрлэгийг гаргаж байна. Хамгийн гол онцлог нь хүүхдүүдэд өдөр бүр сувиллын эмчилгээ үйлчилгээ, сувиллын хоол өгч байгаа. Хүүхдүүдийн унаа, хоол унд, бусад хэрэгсэлд шаардагдах гурван сая төгрөгийн дэмжлэгийг Баруун-Урт сумын ЗДТГ-аас үзүүлсэн. Нэг сарын дараа энэ ажлын үр дүнг АНЭ-ээс дүгнэнэ. Үнэхээр үр дүнтэй байвал цаашид уг ажлыг жил бүр явуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээллийг Баруун-Урт сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Шинэтуяа өглөө.
Нээгдээд гурав хонож буй сувиллын цэцэрлэгт өнөөдрийн байдлаар 20 гаруй хүүхэд иржээ. Хүүхдүүдийн өдрийн хоол, сувиллын эмчилгээг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үзүүлж байна.
Одоогоор цэцэрлэгийн бүртгэл дууссан. Цэцэрлэгт хамрагдаж байгаагүй 11 хүүхэд болон АНЭ-ээс ирж буй 20 орчим хүүхдийг бид гурван ээлжээр авахаар төлөвлөж байна. Манай цэцэрлэгийн хувьд мэргэжлийн уламжлалтын эмчтэй. Үүн дээр АНЭ-ээс нэг эмч нэмэгдэж ирээд, хоёр эмч ажиллаж байна. Эмийн бус дан сувилал, уламжлалтын эмчилгээг үзүүлж, хүүхдүүдийг дандаа сүү цагаан идээгээр хооллож, өдөр бүр хар цай, шар сүү, айрганд оруулах үйлчилгээг үзүүлж байгаа. Ер нь манай сувиллын цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд маш өндөр сэтгэгдэлтэй байна. Шинээр хүүхдээ өгөхийг хүссэн хүмүүс ч их байна. Тэгэхээр энэ төрлийн үйлчилгээ хэрэгтэй байгаа нь харагдаж байна гэж Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Болортуяа ярилаа.
Сувиллын цэцэрлэгийн үйл ажиллагаа ирэх сарын 05 хүртэл үргэлжилнэ. Хоёр багш, хоёр тогооч, хоёр бариа заслын эмч, нэг харуул гээд нийт долоон хүн ажиллаж байна.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News