Ж.Батсуурь: Багийнхаа 50 орчим иргэнийг бүр болон түр ажлын байранд зуучлаад байна » Төр.мн

Ж.Батсуурь: Багийнхаа 50 орчим иргэнийг бүр болон түр ажлын байранд зуучлаад байна

 
Улсын хөгжил сумаас, сумын хөгжил багаас гэдэг. Баруун-Урт сумын шилдэг багуудын нэг хоёрдугаар багийн Засаг дарга Ж.Батсуурьтай цөөн хором хөөрөлдлөө. Ажилгүйдэл, ядуурлын түвшин бусад багаас бага, цэцэрлэгийн насны хүүхдээ 100 хувь хамруулдаг, өнгөрсөн онд хамгийн олон иргэнээ ажлын байранд зуучилсан гээд энэ багийн онцлог их.
-Эхлээд багийнхаа талаар уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Манай баг 2019 оны жилийн эцсийн тооллогоор 540 өрхийн 2000 орчим хүн ам тоологдсон. Нийт өрхийн 38,5% нь орон сууцанд, үлдсэн 61,5% нь гэр хороололд амьдардаг. 2015 онд Сүхбаатар аймгийн тэргүүний багаар мөн Баруун-Урт сумын шилдэг багаар хоёр удаа шалгарч байсан. Мөн төмс,  хүнсний ногоо тариалан эрхлэгчид олон байдгаараа бусад багаас онцлогтой. Одоогоор дөрвөн  ААН болон  багийн 16 иргэн тариалан эрхэлж, багийнхаа төдийгүй сум орон нутгийнхаа төмс, хүнсний ногооны тодорхой хувийн хэрэгцээг хангаж байна. 
-Өнгөрсөн онд багийн нутаг дэвсгэрт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд юу байна?
-2019 онд багийн нутаг дэвсгэрт ОНХС-ийн 700 сая төгрөгийн хөрөнгөөр 1,2км хатуу хучилттай зам, гэрэлтүүлгийн хамтаар ашиглалтад оруулсан. Орон сууцнуудын хаягжуулалт, ухаалаг худаг, гудамж талбайд цамхаган гэрэлтүүлэг байрлуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна. Эдгээр ажилд мөн ОНХС-ийн 40 орчим сая төгрөгийг зарцуулсан.
-Энэ онд үргэлжлэн хийх ажлууд тэгвэл байгаа юм байна. Тийм үү?
-2020 онд замын ажлыг үргэлжлүүлнэ. Мөн орон сууцнуудын гадна талбайн тохижилт, газар чөлөөлөлт, шинээр нийтийн халуун ус барих зэрэг томоохон ажлуудыг хийнэ.
-Танай багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд баг руугаа хэр анхаарч ажиллав?
-Манай багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид бүгд сэтгэл гаргаж гар нийлж баг болж ажилласны үр дүнд 2019-2020 онд бүтээн байгуулалтын их ажил хийлээ гэж ойлгож байна. Ер нь өнгөрсөн онд багт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онуудад хийж байгаагүй хэжмээний ажил болсон.
-Тэгвэл багийн үйл ажиллагаанд иргэд сэтгэгдэл хэр байдаг вэ?
-Мэдээж таатай байлгүй яахав. Ер нь манай багийн иргэд хийсэн бүтээн байгуулалтын ажилдаа ариг гамтай хандах, өөрсдийн хэмжээнд арчилж тордохдоо маш сайн. Өөрсдийнх нь амьдарч буй орчин нөхцөлийг ая тухтай болгоод өгөхөөр хүмүүсийн хандлага өөр болдог юм билээ. Үүнээс гадна багт хийж буй аливаа нийтийг хамарсан ажилд иргэд маань маш идэвхтэй оролцдог. Үүнд багийн даргын хувьд их талархаж явдаг даа.
-Гол тулгамдаж буй болоод даруй шийдвэрлүүлэх шаардлагатай ажил юу байна?
-Саруул хотхоны орон сууцны гадна талбайн тохижилтын ажлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. Ус дулаан, халаалттай холбоотой гомдол иргэдээс тогтмол ирдэг. Түүнээс гадна тус хотхоны гадна тал ч үнэхээр хэцүү. Тиймээс  энэ тал дээр онцгой анхаарч ажиллаж эхлээд байна. Энэ асуудал шийдэгдчихвэл манай багт айхтар тулгамдаад байгаа асуудал бараг байхгүй.
-Сүүлийн үед танай баг руу шилжин ирэх шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн гэж байсан?
-Тийм ээ. 2019 оны хүн амын тоогоор 50 өрхийн 246 иргэн манай багт шилжин ирсэн. Харин манай багаас гурван өрх шилжин явсан байдаг. Баг хоорондын шилжилт хөдөлгөөн их байна, манай баг руу их ирж байна гэдэг нь иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсантай холбоотой гэж би дүгнэдэг. Мөн бид багийн 0-5 насны хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж чаддаг нь их нөлөөлдөг байх.
-Багийн ажилгүйдэл, ядуурлын түвшин бусад багтай харьцуулахад хэр байдаг вэ?
-Ажилгүйдэл ядуурлын түвшин бусад багаас харьцангуй бага гэж хэлж болно. Зорилтот бүлгийн өрх гэхэд манай багт 25 байдаг бол бусад багт 80-100 гаруй өрх байдаг. Ажилгүй иргэдээ ажлын байраар хангаж амьдрал ахуйг нь сайжруулах тал дээр онцгой анхаарч ажилласнаар 2019 онд багийнхаа 27 иргэнийг байнгын ажлын байранд, 15 иргэнийг түр ажлын байранд зуучлан ажиллалаа.
-Мэдээж энэ бол ганц таны биш, танай баг хамт олны ажлын үр дүн шүү дээ. Та бүхний ойрын зорилго юу байна?
-Тэгэлгүй яахав. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн ажлын албаны хамт олон бол миний хамгийн найдвартай хамтрагчид. Бид ард иргэдийнхээ амьдрах ая тухтай орчин нөхцөлийг илүү сайжруулахын төлөө ажиллана.  Бидэнд бодож, санаж төлөвлөсөн зүйл их байна.
-Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд төр засгийн оролцоогоос гадна иргэдийн оролцоо чухал шүү дээ?
-Тийм шүү. Миний бие багийнхаа иргэдийн итгэлийг дааж хоёр дахь удаагаа багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна. Багийнхан маань маш идэвхтэй. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж хамтран ажилладаг. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд байнга дэмжиж  хамтран ажилладаг. Тэр ч утгаараа дээрх амжилтуудыг хамтдаа гаргасан гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье?
-Багийнхаа талаар уншигчдад мэдээлэл өгөх боломжийг олгосон танай хамт олонд баярлалаа.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News