Г.Занданшатар Үндсэн Хууль зөрчсөн үү? » Төр.мн

Г.Занданшатар Үндсэн Хууль зөрчсөн үү?

 Хуульч, доктор Б.Гүнбилэг УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн Хууль зөрчсөн гэж үзэн, Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргажээ. Дашрамд дурьдахад доктор Б.Гүнбилэг нь УИХ-ын дарга М.Энхболдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны даргаар ажиллаж байсан нэгэн билээ. ҮХЦ-д гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД 
Мэдээлэл гаргах нь
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Татварын тухай хууль болон түүнийг дагалдаж батлагдсан хуулиудад тавьсан хоригийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтыг байнгын хороодын "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн саналын томьёоллоор явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 25 нь буюу 64.1 хувь нь дэмжиж, 14 нь буюу 35.9 хувь нь татгалзсан.
Ингэснээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн "...нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ” гэсэн заалтын дагуу татварын багц хуульд тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан болно. 
Гэтэл Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй "горимын санал” гэдэг зүйлийг хууль зөрчин гаргаж, санал хураалтын дүнг хүчингүй болгон, дахин санал хураалт явуулж төрийн эрх барих дээд байгууллагын хууль ёсны шийдвэрийг зүй бусаар өөрчилсөн нь эвлэрч болшгүй үйлдэл гэж үзэж байна. 
Тодруулбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар гишүүнээс гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй” гэж заасан. 
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн энэ заалтыг зөрчиж асуудлыг хэлэлцэх журам, дараалалтай огт холбогдолгүй буюу хэлэлцээд дууссан асуудлаар горимын санал гэдэг зүйл гаргасан, түүнийг нь Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар хүлээн авч, дахин санал хураалгаж хуулийн энэхүү заалтыг мөн зөрчин, нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зүй ёсоор хөндөж буй, үндэсний эрх ашигт хохиролтой, улс орны эдийн засгийн аюулгүй байдалд олон сөрөг нөлөө үзүүлэх хуулийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бүдүүлэг аргаар шийдвэрлэлээ. 
Улсын Их Хурлын гишүүн хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй гэдгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт маш тодорхой заасан.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Улсын Их Хурлын чуулганы ...хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзнэ...” гэж заасан байдаг. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэж, хүлээн авах шийдвэр гаргах үед нийт 39 гишүүн байсан бөгөөд Үндсэн хуулийн дээрх шаардлага бүрэн хангагдсан гэж үзэж болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заасныг зөрчиж, ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсаныхаа дараа дахин санал хураалт явуулсаныг Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. 
 Иймд:
1. УИХ-ын дарга Г. Занданшатар дээр дурдсан Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн тул Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2-ын 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулж өгнө үү. 
2. УИХ-ын дэг нэгэнт зөрчигдөн батлагдсан тул 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн УИХ-ын 51 дүгээр тогтоолыг дүгнэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2-ын 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулж өгнө үү. 
Монгол Улсын иргэн 
Боржигин тавт Болдбаатарын Гүнбилэг 
2019.06.03

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News