Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорын хэн хэнд нь хэрэгтэй! » Төр.мн

Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорын хэн хэнд нь хэрэгтэй!

Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорын хоорондын харилцааг нэг бүрчлэн бүртгэн протколдож, зөвхөн албаны шинжтэй байхаар хуулиар нарийвчлан тогтоох ёстой. Тэгээд хэлэлцсэн асуудал бүр нь ард түмэнд ил тодоор мэдээлэгдэж байх учиртай. Ингэсэн бол манай Үндсэн хуулийн ардчилсан зарчмыг лоозон төдий биш, бодитой бөгөөд амьд байлгах байсан юм.
Хууль тогтоох эрх мэдэл (Улсын Их Хурал), шүүх эрх мэдэл (Бүх шатны шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц), гүйцэтгэх эрх мэдэл (Ерөнхийлөгч, Засгийн газар) гэсэн засгийн гурван салаа бие биеэсээ хараат бус, бие даасан байж, харилцан бие биеэ хянан тэнцвэржүүлж байх нь ардчиллын амин гол зарчим. Энэ зарчим алдагдвал ардчилал "капут боллоо" гэсэн үг.
Монголын ардчиллын хөгжилд нэг хачин үзэгдэл болсон байдаг. Очирбат, Багабанди, Энхбаяр хэмээх гурван ерөнхийлөгчийн үед шүүх эрх мэдэл нь засгийн бусад салаа буюу хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээсээ хараат бус бие даасан байв. Харин Элбэгдорж авлигатай тэмцэх гэж улайрахдаа шүүх эрх мэдлийн хараат бус бие даасан байдлыг эргэлзээнд оруулсан юм.
Улс төрийн өнцгөөс нь хараад хэлбэл, "Ардын (экс коммунист) намын" ерөнхийлөгч нарын үед ардчиллын амин голын зарчим хамгаалагдан хэрэгжиж байсан атал "Ардчилсан намын" ерөнхийлөгч нарын үед мөнөөх зарчим алдагдаж эхэлсэн хэрэг болжээ.
Ардчилсан ерөнхийлөгч Элбэгдоржийн эхлүүлсэн шүүх эрх мэдэл болон уг эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч прокурор, АТГ зэрэг инстүүцүүдийг нөлөөндөө авах далд явуулга нь өнөөгийн Ардчилсан ерөнхийлөгч Баттулгын үед бүр ил цагаандаа гарсан. Сая гэхэд л Ерөнхийлөгч, Ерөнхий прокурортой "нэг баг" болсноо, төрийн албан ёсны айлчлалын үеэр "гайхуулж" байгааг хар л даа. Гэтэл прокурорын үйл ажиллагааны зарчмыг "Прокурорын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "хараат бус, бие даасан байх" хэмээн тогтоосон байгаа шүү дээ! 
Засгийн салаа бүр бие биеэсээ хараат бус, бие даасан байх зарчим алдагдахдаа хүрсэн нэг гол шалтгаан бол Лүндээжанцан нарын социалист школтой хуульчдын бойкот байсан. Тэд засгийн гурван салааг хянан тэнцвэржүүлсэн Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлэх дэг журмыг хуульчлан тогтоох ажиллагааг олон жилийн турш санаатай үл ойшоон хойш тавьсан юм. Одоо болохоор гэм зэмгүй Үндсэн хуулийг буруутган, өөрчилнө гэж дайрч буй!
Уг нь Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорын хоорондын харилцааг нэг бүрчлэн бүртгэн протколдож, зөвхөн албаны шинжтэй байхаар хуулиар нарийвчлан тогтоох ёстой. Тэгээд хэлэлцсэн асуудал бүр нь ард түмэнд ил тодоор мэдээлэгдэж байх учиртай. Ингэсэн бол манай Үндсэн хуулийн ардчилсан зарчмыг лоозон төдий биш, бодитой бөгөөд амьд байлгах байсан юм.
Өнөөдөр, хэрэв зээ олон нийт, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нараас онгоцонд хамт явахдаа хэлэлцсэн асуудлынхаа протокол, тэмдэглэл үзүүл гэвэл тийм зүйл лав байхгүй дээ?! Ийм тохиолдолд ардчилсан улсад бол буруутай этгээдийг нь ажлаас нь шууд чөлөөлдөг. 
Тэгэж ярих юм бол хэдийгээр АНУ-ын хууль зүйн сайд буюу Ерөнхий прокурор нь Ерөнхийлөгч Трампын багийн хүн байдаг боловч тэр хоёрын харилцаа хүртэл зөвхөн албаны шинжтэй, бие даасан байхаар хуулиар дэглэгдсэн буй. АНУ-ын Ерөнхий прокурор буюу хууль зүйн сайд нь манай Ерөнхийлөгчтэй уулзахдаа өөрийн ерөнхийлөгчөөс тусдаа уулзаж байсныг бид харсан билээ!
Би УИХ-ын гишүүн байхдаа засгийн гурван салаа хоорондын, нэн ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зүгээс шүүх эрх мэдэл болон түүнийг хэрэгжүүлэхэд нэг гол оролцогч болдог прокурортой харилцах харилцааг нарийвчлан тогтоох дэг журамыг хуульчлах шаардлагатай гэхэд "Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорын хоёрын орон дотор нь чагнадаг аппарат тавибал яасан юм бэ? хэ хэ" хэмээн даапаалан баалж байсан нэгэн албан тушаалтан хожим нь өөрөө шоронд хоригдохдоо "Ерөнхийлөгч захиалгаар намайг шоронд хийлээ!" гэж гомдоллож билээ. Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор нарын "оронд нь чагнах аппарат тавьсан бол" тэр захиалгыг мэдчих байсан байхгүй юу! Тэгсэн бол юу гэж "хэлмэгдэх" билээ?
Ардчилсан улсад, жишээ нь, Холбооны Герман улсад засгийн гурван салааны тэргүүнүүдийн "орон дотор нь чагнах аппарат тавих" нь холгүй байдаг. Чагнах хэрэгсэл тавьж "ор дэрний явдал"-ыг нь сонсдоггүй юмаа гэхэд уулзалт яриаг нь мөр даран нэг бүрчлэн яс тэмдэглэн хөтөлж, олон түмэнд зарлаж байдаг дэг журамтай. Хэрэв зээ канцлер Меркель Ерөнхий прокурортой уулзсан байгаад тэр хэрэг явдал нь протоколгүй байвал энэ нь канцлерийг шууд огцруулах хангалттай үндэслэл болно! Ийм л чанга даа. Дарангуйлагч дэглэмд дарга нар нь иргэдээ мөшгин мөрддөг бол ардчилсан дэглэмд эсрэгээрээ иргэд нь дарга нараа мөшгин мөрддөг ажгуу! 
Францад ерөнхийлөгч асан Саркози албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүгдэх гэж байгаа. Үүнийг ямар ч франц хүн одоогийн ерөнхийлөгч Макроны захиалгат ажил гэж үзэхгүй. Саркози өөрөө ч огт тэгэж бодохгүй. Яагаад гэвэл шүүх эрх мэдлийн хараат бус байдал нь Францад лоозон төдий биш, бүр нарийвчилсан дэг журмаар тогтоогдсон байдаг. Тийм учраас ерөнхийлөгч нь дураараа утас цохин улс төрийн захиалга сүнгэнүүлэн шүүхэд нөлөөлөх боломжгүй. Тэгэхээсээ ч айна. Импичмент болох тул!
Манайд ч бас энэ мэт засгийн гурван салаа хоорондын харилцааны дэг журмыг нарийвчлан тогтоож, шүүх прокурорын хараат бус бие даасан байдлыг чандлан тогтоох цаг нь болсон. Тэгвэл олны хардлагад өртөхгүй, Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорын хэн хэнд нь хэрэгтэй!
Э.Бат-Үүл 
baabar.mn


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News