ОУПХ-ноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг уриалжээ » Төр.мн

ОУПХ-ноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг уриалжээ

УИХ дахь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар дүгнэлт гаргах Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Хүний эрхийн хорооны ажлын багийн дүгнэлтийг хэлэлцсэн байна.
ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос ажлын баг энэ оны зургадугаар сард Монгол Улсад ажиллаж, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтийн явцад хийсэн дүгнэлтээ ирүүлжээ. Уг дүгнэлтэд, "Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сард С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой зарим бичиг баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан. Гэвч энэ бичиг баримтууд нь олон нийтэд хаалттай хэвээр байгаа нь энэ хэргийн шийдвэрлэлтэд ахиц бага гарсныг илтгэж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүж буй нууц бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. ОУПХ-ны зөвлөмжийн дагуу УИХ-аас С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах түр хороо байгуулсныг талархан хүлээн авч байна. Энэ хэргийн зохион байгуулагчдыг олох, сэжигтнүүдтэй зүй бусаар харьцсан асуудлыг хэлэлцэхийн тулд Түр хороонд илүү эрх өгөх шаардлагатай хэмээн үзэж байна. Цаашид эрүүдэн шүүгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллахыг уриалж байна” хэмээснийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.
Уг дүгнэлтийг энэ долоо хоногийн Лхагва гарагт болох Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг судалж, дүгнэх УИХ-ын Түр хорооны хуралдаанаар хэлэлцэх аж.
Мөн зөвлөлийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцсэн байна. Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсан. Хоригийг хүлээн авсан тул 73 дугаар тогтоолыг сайжруулах эсхүл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах гэсэн хоёр сонголт бий болж буй юм. Тус зөвлөл Ард нийтийн санал асуулгыг ирэх жил болох УИХ-ын ээлжит сонгуультай хамт зохион байгуулах нь зөв хэмээн үзжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News