Х.Баттулга: Цалин нэмэх мөнгөгүй гэсэн ч ямар боломж байсныг ЖДҮХС-гийн асуудал харууллаа » Төр.мн

Х.Баттулга: Цалин нэмэх мөнгөгүй гэсэн ч ямар боломж байсныг ЖДҮХС-гийн асуудал харууллаа

 
Төрийн ордны Их танхимд өнөөдөр "Эрүүл хүүхэд эх орны ирээдүй” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөн болов. Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.
Тэрбээр, "Манай хүн амын 36 хувийг 16 хүртэлх насны хүүхэд эзэлдэг, Монгол Улс үндсэндээ хүүхэд, залуусын орон. Тийм учраас хүүхэд, залуусыг эрүүл саруул өсгөн бойжуулахад эмч мэргэжилтний мэдлэг, ур чадвар чухал ач холбогдолтой.
Аливаа улсын хөгжлийг хүний хөгжлөөр, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь тодорхойлдог олон улсад тогтсон жишиг бий. ХХ зууны эхээр Монгол Улс 600 мянган хүн амтай, нярайн бараг 50 хувь нь төрөх үед болон төрсний дараа энддэг байжээ. ХХI зууны эхээр буюу 2015 он гэхэд Монгол Улс нярайн эндэгдэл эрс багасаж Мянганы хөгжлийн зорилтыг хангасан дэлхийн 9 орны нэгээр шалгарсан байдаг. Мянганы хөгжлийн зорилтыг хангаж, мянган амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийг 4.7 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 5.2 дахин бууруулахад хүүхдийн эмч , асрагч та бүхний  оруулсан хувь нэмэр, сэтгэл зүтгэл нэн их байдгийг хэлэхэд таатай байна.
Цаашид анхаарч, сайжруулах зүйлс бидэнд цөөнгүй бий. Сэтгэл зовоож буй тоонуудыг дурдахад ч хүнд байна. Тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 86.4 хувь нь өвчнөөр, 13.6 хувь нь осол, гэмтлийн улмаас эндсэн бол  72.6 хувь нь эмнэлэгт, 27.4 хувь нь эмнэлгээс гадуур энджээ.  Хүйтний улиралд агаарын бохирдол, амьсгалын замын халдварт өвчний тархалтын улмаас нялх хүүхдүүд олноороо өвдөж, тэднийг хүлээн авах эмнэлгийн ор хүрэлцэхгүй, ачааллаа дийлэхгүй байгааг өнгөрсөн өвөл биеэр явж харсан. 
Ирэх оны улсын төсөвт нялх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулах, эмч, сувилагчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олигтой хөрөнгө төсөвлөсөнгүй. Төсвийн зардлыг танах, ядаж 15 хувийн хэмнэлт гаргах санал хүргүүлсээр байтал УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо зарцуулах мөнгөний тоог 5-8 тэрбум хүртэл өсгөсөн нөхцөл байдал та бидний нүдэн дээр оршиж байна.
Хэрвээ УИХ-ын дарга нь төсвийн зардлыг 10 хувь, Ерөнхийлөгчийн зүгээс 15 хувь хэмнэх санал гаргасныг хэрэгжүүлбэл 500 сая ам.доллар буюу 1.3 их наяд төгрөг сулрах боломж бий. Энэ мөнгөнөөс эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэж болно. Гэтэл та бидний итгэлийг авч сонгогдсон эрхэм гишүүд маань энэ талаар бодохыг ч хүсэхгүй, зөвхөн айсуй сонгуульд л бэлтгээд, хүү багатай нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл авахаар уралдаж байгааг л бид харж, бухимдан сууна. УИХ-ын гишүүн гэдэг бол цэвэр итгэлийн албан тушаал. Тийн байтал олны итгэлийг урвуулан ашиглана гэдэг бол хүлцэж, тэвчиж болшгүй гэмт үйлдэл мөн. Эмч, багш нарын цалинг нэмэх мөнгө байхгүй гэж байсан. Үнэн хэрэг дээрээ ямар их боломж байсныг ЖДҮХС-ийн зээлийг эрх мэдэлтнүүд хувааж авсан явдал тод харууллаа.
Та бүхэн энэхүү чуулган дээр цаашдын зорилтоо биелүүлэхийн тулд ямар өөрчлөлт, сайжруулалт хийх талаар нухацтай хэлэлцэж, тодорхой санал гаргаарай. Гэхдээ төлөвлөсөн, зорьсон ажил, хөрөнгө оруулалт зөв, оновчтой байх эсэх нь та бүхнээс гэхээсээ илүүтэй салбарын удирдлага, нийт улс орны засаглалд шударга ёс, хуулийн засаглал хэрэгжиж чадах эсэхээс л хамаарна.
Бид одоо л эрс шинэчлэхгүй бол, иргэд  нийтээрээ шаардаж, засч сайжруулахгүй бол бүх зүйл хатангиршиж, уруудах доройтох зам руугаа орох нь монголын эмгэнэл.
Мөн хэлэхгүй байж болохгүй хэд, хэдэн шүүмжлэл хэлье. Өнөөдөр 21-р зуунд хөдөө орон нутагт, ялангуяа алслагдсан сумдад улсын төсвөөр барьж байгаа цэцэрлэг, сургууль, эмнэлгийн байр дотроо халуун, хүйтэн усгүй, бие засах газаргүй байна. Ийм байрыг улсын төсөвт суулгаж, барьсаар байна. Төсвийг үнэхээр иймэрхүү зүйлд үрсээр байх уу, гэдэгт тодорхой санал хэлэх хэрэгтэй. Ялангуяа, салбарын сайд нь тодорхой санал гаргаж, Засгийн газартаа хүргүүлэх хэрэгтэй.Өнөөдрийн хуралд Сангийн сайдыг оролцуулан үүрэг, чиглэл өгөх хэрэгтэй байсан. Агаарын бохирдол, гэр хороолол гээд олон асуудалд анхаарах хэрэгтэй. Ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхой бус байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн утаанд 500 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүнд гарч байгаа юу. Үр дүн гарахгүй байгаа. Хамгийн их хохирч байгаа нь эхчүүд болж байна. Төрөхөөс өмнөх эндэгдэл олширсон. Бид ямар байдлаар хандаж, хэнд ямар шаардлага тавих вэ, гэдгээ энэ зөвлөгөөнөөр ярих хэрэгтэй. Мөн эмч, багш нар төвөөс алс газар ажиллах тусам цалин нь нэмэгдэж байдаг тогтолцоо байдаг. Алийн болгон бид тангараг өргөсөн нэрээр өөрсдийн эрх, амьдралыг золиослох вэ. УИХ-ын гишүүд бас тангараг өргөдөг. Эмч, багш нартай л адилхан. Гэтэл тэд тангаргаа биелүүлж чадаж байна уу гэдгийг та бүхэн ярилцаарай” гэлээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News