Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганы оролцогчдод илгээлт хүргүүлэв » Төр.мн

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганы оролцогчдод илгээлт хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй "Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо.
Үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж танилцуулав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, чуулганы төлөөлөгчид Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье.
Энэ өдөр бол баяр ёслолын гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг ярилцах, шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлох, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх бодлого, боломж нөхцөлийг дээшлүүлэх, эрхийг хамгаалахад чиглэсэн чухал өдөр бөгөөд үүнд чиглэсэн үндэсний чуулган зохион байгуулж байгаад олзуурхаж байна.
Хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл бол эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэд тулгарч буй ноцтой асуудал мөн. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд болж, гэр бүл салалт жилээс жилд нэмэгдэж байна. Үүнээс үүдэх нийгмийн сөрөг үр дагавар, хохирлыг ч эмэгтэйчүүд л илүүтэйгээр амсаж байна. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хязгаарлах тал дээр төрийн байгууллагууд нэн даруй тодорхой ажлуудыг эрх зүйн хувьд ч, зохион байгуулалт, гүйцэтгэлийн хувьд ч хийх шаардлагатай. Монгол Улсын хүн амын тал хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээ эрх тэгш, тэнүүн жаргалтай гэр бүлд, ажилтай орлоготой сайхан амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн эрхэм үүрэг мөн.
Хүчирхийллийн эсрэг хүн бүр тэр дундаа эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ээлтэй хүчирхийлэлгүй нийгмийн төлөө эх хүний сэтгэлээр хамгийн түрүүн үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн, эмэгтэйчүүдийн байгууллага, салбарын яам нэгдсэн зохион байгуулалтаар ханган, манлайлж ажиллаасай гэж хүсэж, бодитой ажлууд хийх, санаачлахыг уриалъя.
Ташрамд дурдахад, Монголд төдийгүй Азидаа анхны эмэгтэйчүүдийн байгууллага болох 95 жилийн түүхтэй, Монголын эмэгтэйчүүдийн холбоо маань өнгөрсөн оны 10 дугаар сард болсон Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн V чуулганаас хойш эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх үйл ажиллагаа нь эрчимжиж байгаад сайшаалтай байна.
Энэ сарын 11-нээс 22-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооны эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн 63 дахь удаагийн чуулганд манай эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл оролцоно. Энэ удаагийн чуулганыг "Тогтвортой хөгжлийн зорилго – 2030” хөтөлбөртэй уялдуулж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах, Зохистой хөгжил ба эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог.
Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, эдийн засаг, нийгмийн үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сард зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, шийдлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Америкийн Нэгдсэн Улстай хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа. Үүний үр дүнд АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд "Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барихаар болсон. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс – АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн  ажлын байр олон мянгаар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Өнөөдрийн чуулганаас эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог хангахад бодитой санал шийдэл гарч, төр засгийн бодлого шийдвэрт тусган тууштай ажиллана гэдэгт найдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг бодитой нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, үйл ажиллагаа, санаачилгыг дэмжин, Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, нийт эмэгтэйчүүддээ аз жаргал, эрүүл энхийг ерөөе.
Айл бүр амгалан жаргалантай байх болтугай” гэжээ.


 


 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News