Дархан-Уул аймгийн 307 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа » Төр.мн

Дархан-Уул аймгийн 307 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг 307 ээжид "Эхийн алдар” одон гардууллаа.
Үүнээс "Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 17, Хоёрдугаар зэргийн одонг 290 ээжид тус тус хүртээж, баяр хүргэв.
ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
Монголын үзэсгэлэнт сарангуа эхчүүд ээ,
Үр хүүхдийнхээ гэрэлт наран болсон ээжүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний ирээдүй, өрх гэрийн гэрэл гэгээ болсон энхрий бяцхан үрсээ өлгийдөн авч, сэтгэл тэнүүн өсгөн хүмүүжүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Ирээдүйн монголыг бүтээх үр хойч, залуу үеийг өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ээж Таны хийж байгаа цаг наргүй  хөдөлмөр бол иргэнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй үнэлж баршгүй үнэ цэнтэй гэгээн үйлс мөн. Ийм ч учраас монголын төр ээжүүддээ талархал илэрхийлж, жил бүр төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг хүртээж, хүндэтгэл  үзүүлдэг юм.
Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд "Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдсон. Тийм учраас  тодорхойгүй хугацаагаар хүлээлт үүсгэсэн "Эхийн алдар” одонг  засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ цар тахлын хорио цээрийн дэглэмд нийцүүлэн өөрийн биеэр хүртээх нь зүйтэй гэж үзсэн юм.
Энэ жил улсын хэмжээнд 10,677 ээжид  "Эхийн алдар” одон хүртээх бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймгийн 307 ээжид, үүнээс "Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 17, Хоёрдугаар зэргийн одонг 290 ээжид гардууллаа. Баяр хүргэе!
Мөн хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж "Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон хүртэж байгаа Дархан сумын иргэн Нармандахын Наранбайгальд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!
Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь хүн, тэр дундаа хүүхэд юм. Иймээс хүн ам цөөтэй Монгол Улсын төрийн бодлогыг эхчүүдийг дэмжих, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсролд анхаарал хандуулах замаар хүүхдийн ирээдүйг хамгаалахад чиглүүлэх ёстой.
"Эхийн алдар” одон бол энэ бодлогын нэгээхэн хэсэг, эхчүүдийн хичээл зүтгэл, эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрийг төр өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм.
Монгол Улсын бяцхан иргэд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд  төр үүнээс ч илүүг хийж, хүүхэд хамгааллын сайн бодлого хэрэгжүүлэх ёстой. Хүүхдийг хамгаална гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг бөгөөд төрийн үндсэн үүрэг мөн.
Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, санаачилгатай ажиллаж байна.
Цаашид хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой олгохын хамт ээжүүдийн хүүхдээ өсгөн бойжуулахад зориулж байгаа цаг наргүй хөдөлмөр, хичээл зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, цаашид бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авсан, бидний хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Дархан-Уул аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн угаас халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын маань үрс маш олон болж, аз жаргал, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.30/ Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллаж, тус ангийн удирдлагатай уулзав. Тус анги нь Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын харьяа гурван ангийн нэг бөгөөд тус ангийн алба хаагчид олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаа, говийн бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News