Х.Энхтуяа: Токиогийн олимпын аварга болох боломжтойгоо ойлголоо » Төр.мн

Х.Энхтуяа: Токиогийн олимпын аварга болох боломжтойгоо ойлголоо

 
Билгийн тооллоор шинэ оноо угтдаг монгол түмний үндэсний баяр Цагаан сараар Монголын пара таеквондочид Токиогийн олимпод өрсөлдөх эрхээ биелүүлсэн билээ. Туркийн Анаталия хотод болсон пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн К 44 ангиллын 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ алт, эмэгтэйчүүдийн К 44 ангиллын 49 кг-ын жинд Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэж шинэ оныхоо тэмцээний салхийг амжилттай хагаллаа. Тэднээс Архангай аймгийн уугуул Х.ЭНХТУЯАГ урьж, ярилцсанаа хүргэе. 
Токиогийн олимпын наадам хаяанд ирсэн энэ үед дэлхийн дэвжээнд төрийн далбаагаа мандуулсан та бүхэнд баяр хүргэе. Өмнөх жилүүдийнхээс өргөн цар хүрээтэй болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жил 60 гаруй орон тамирчнаа ирүүлсэн нь олимп ойртсоны дохио юм. Чухам аль орны тамирчин та бүхэнтэй чацуурхаж өрсөлдөв? 
-Баярлалаа. Юуны өмнө "Монголын үнэн’’ сонины уншигчдад Сар шинийн мэнд дэвшүүлье. Монголын пара таеквондогийн холбооны удирдлага, тамирчин нийлсэн найман хүний бүрэлдэхүүнтэй баг Туркийн Анаталия хотод болсон пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Би дэлхийн аваргын К 44 ангиллын 49 кг буюу олимпын жинд тулалддаг. Энэ удаагийнх олимпын эрх авах эсэхийг шийдвэрлэх эхний тэмцээн байлаа. Манай холбооны тамирчид энэ тэмцээнд 2017 оноос бэлтгэсний үр дүн гарч, Турк улсын тэнгэр ч биднийг ивээлээ. Дээр нь бидэнд амжилт хүсээд үлдсэн гэр бүл, хамт олон болон монголчуудынхаа итгэлийг тээж явсан учир олимпын эрхээ авна гэсэн итгэл сэтгэлээр дүүрэн явсан. Өөртөө итгэлтэй байсан болоод ч тэр үү бидний тулааныг бусад орныхон анхааралтай үзэж байлаа. Энэ жилийн дэлхийн аваргад өмнө нь тамирчнаа илгээж байгаагүй олон улс шилдгүүдээ тулалдуулсан. Энэ утгаараа дараа дараагийн тэмцээнд туршлага болох тулааныг харлаа. Өөрөө ч гэсэн олон тулааны ард гарч, олимпын эрхээ биелүүлсэндээ туйлын баяртай байна. Миний хувьд дэлхийн аваргын дэвжээнд гурван тулаан хийсэн. Чансаагаараа тэргүүлж байсан учир хэсгээ толгойлж, нэг гоц мөргөж хүрэл, мөнгө, алтан медалийн төлөө тоглосон. 
-Алтан медалийн төлөөх тоглолтод харамсалтай зүйл тохиолдсон. Тань шиг туршлагатай тамирчин дүрмийн бус алдаа гаргасан гэж бодохгүй байна. Өрсөлдөгчтань тулааныг мэдрээд овжин арга хэрэглэчихэв үү? 
-Тийм ээ. Нэг гарын бэрхшээлтэй хүмүүс байдаг учир тэнцвэр алдана гэдэг үүднээс дүрэмдээ толгой руу өшиглөх нь хориотой. Харамсалтай зүйл болж, өрсөлдөгч тамирчин маань ч миний хөлийг өргөчихсөн тал бий. Түүнээс шалтгаалж, медалиа хураалгаад мөнгөн медаль дээр буулаа. "Токиогийн олимпоос зүүх алтан медалийн барцад нь гарч байна” гэж багш, дасгалжуулагчид намайг тайвшруулсан. Надад ч гэсэн энэ алдааг дахин давтахгүй цаашид илүү хичээж, 2020 оны Токиогийн олимпод алтан медалийн эзэн болно гэдэгт итгэлтэй боллоо. 
-Дэлхийн аваргын үеэр манай тамирчдыг дэмжигчид олон байсан гэсэн. Хэдийгээр та алтан медалийг атгаад алдсан ч монгол тамирчны хурд хүчийг олон орны таеквондочдод харуулсан гэж бодож байна? 
-Бид Монголын пара таеквондочид Токиогийн олимпод өрсөлдөхөд бэлэн байгаагаа харуулсан. Дээр нь Ганбатын Болор-Эрдэнэ бол үнэхээр босоо аварга. Миний хувьд энэ удаагийн дэлхийн аваргад тулалдсанаар түвшнээ ахиулж чадлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чадвараа ахиулснаа олон орны тамирчдад харуулсан гэж бодож байна. Биднийг дэлхийн аваргад өрсөлдөхөд тусалж дэмжсэн БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын газрын болон спортын анагаах ухааны салбарын хамт олон, Батлан хамгаалах яамны "Алдар” спорт хорооныхондоо талархсанаа хэлье. 
-Пара таеквондо 2020 оноос олимпын албан ёсны төрөлд багтсан. Та ч гэсэн олимпын наадамд анх удаа оролцоно. Мөн пара таеквондогийн дэлхийн аваргаас алтан медаль авсан Монголын анхны эмэгтэй тамирчин гээд таниас маш их хариуцлага, тэвчээр хатуужилтай байхыг шаардсан цаг ирж байна? 
-Тийм ээ. 2017 онд дэлхийн аварга болж байсан. Энэ жил аваргаа баталж чадаагүйдээ сэтгэл дундуур байсан ч 2020 онд амжилт гаргахыг олон хүн хүссэн. Дэлхийн аваргын үеэр Непал улсын дасгалжуулагч багш надад нандигнадаг хутгаа хүртэл бэлэглэсэн.  
-Тамирчны алдар хямдхан олддоггүй гэдэг. Та хэдэн жил бэлтгэл сургуулилт хийсний үр дүнгээ өнөөдөр үзэж байна вэ? 
-Найзынхаа санал болгосноор 2015 оноос таеквондогоор хичээллэсэн. Тухайн үед "Спортоор хичээллэ” гэхэд нь би нэг их ойшоогоогүй. Харин "Хэрвээ чи олимп, дэлхийн аварга болбол чиний нэр хүнд хүүд чинь үлдэнэ” гэсэн найзынхаа үгийг сонсоод би таеквондогоор хичээллэхээр болсон юм. Яагаад гэвэл, би 13 настайгаасаа гарын бэрхшээлтэй болсон. Тэр үед нутаг усныхан намайг Хүрэлбаатарын охин гэхээсээ илүү "Хүрэлбаатарын гаргүй охин явж байна” гэдэг байлаа. Өөрөөр хэлбэл, би нэргүй болчихсон байсан юм. Тиймээс л спортоор хичээллэхээр зоригтой шийдвэр гаргасан. Би олимпын аварга болохоос гадна нийгмээ илүү эерэг болгохыг зорьж байна. Өөр шигээ гарын бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах юмсан, зөв үлгэр дуурайл болох юмсан гэж боддог. Олимпоос медаль авах нь над шиг хүүхдэд итгэл найдвар төрүүлнэ гэж боддог юм. 
-Бодож, санаснаа хийж чадахгүй шантрах үед юунаас эрч хүч авдаг байв? 
-Таеквондогоор хичээллэхээс өмнө би нягтлан хийдэг, нийгэмд байр сууриа эзэлчихсэн байсан. Би ганц бие ээж ч үүгээрээ бахархдаг. Учир нь, хүү минь надад амьдрал бол хариуцлага гэдгийг ойлгуулсан. Өнөөдрийг хүртэл зоригтой алхам хийж, уйлсан ч нулимсаа арчих, унасан ч гараа атгаад босч ирэх хүчийг хүү минь өгсөн учраас ээж болсондоо баярладаг. Мөн би хамт олноосоо эрч хүч авдаг. Бэлтгэлээ хийх гээд зааландаа ороход өөрийн эрхгүй хүчтэй болох шиг санагддаг юм. Ер нь хүн шантрах үедээ яах гэж эхлүүлснээ хамгийн түрүүнд санадаг юм билээ. 
-Та хүүхэд ахуйдаа спортоор хичээллэдэг байсан уу? 
-Хичээллэдэггүй байсан. Би Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн хүүхэд. Сайран дээр хөл нүцгэн гүйж. тугалын сүүлнээс зүүгдэж өссөн хүүхэд л дээ. Хэдийгээр багаасаа спортоор хичээллээгүй ч бөхийн удамтай нь надад нөлөөлсөн болов уу. Манай хамаатан садан дунд чөлөөт бөхийн Ази тивийн анхны эмэгтэй аварга байдаг нь миний нагац эгч юм. Мөн Эрдэнэтэд миний үеийн аймгийн начин бий. Бидний удамд спортын хүн байсан учир тэр нь нөлөөлсөн гэж бодож байна. Дээр нь спорт намайг хүн шиг хүн болгосон. 
-Монголын пара таеквондогийн холбоо хэчнээн тамирчинтай вэ. Шигшээ багийнхныхаа бэлтгэлийг хангуулах хамтран тоглогчтой юү? 
 -Бэлтгэл хангагчтай байлгах талд ажиллаж байгаа гэсэн. 2017 оны эхээр пара таеквондогийн үндэсний шигшээ багийг бүрдүүлсэн. Цаашид орон тоог нэмэх байх гэж бодож байна. Таны хэлдгээр пара спортод бэлтгэл хангагчтай байна гэдэг хамгийн чухал. 
-"Гараа сайн бол бариа сайн” гэдэг. Шинэ оны эхний тэмцээнээ амжилтаар эхлүүлсэн та бүхний дараагийн өрсөлдөх тулаан хэзээ, хаана болох вэ? 
-Тивийн аварга шалгаруулах тэмцээн биднийг хүлээж байна. Тамирчдын олонх нь Азийн аварга учир амжилтаа бататгахын төлөө хичээнэ. Ирэх намар өндөр оноо олгох олон улсын хоёр ч тэмцээн бий. Тэдгээрт амжилттай оролцохын тулд бэлтгэлээ сайн хийх болно. Олон улсын тэмцээнийг ажиглахад олимп дөхсөн болоод ч тэр үү тамирчдыг судалгааны баг дагаж явж байна. Бид ч өөрсдийн хэмжээнд судалгаагаа хийх шаардлагатай байгаа. 
-Олон орны тамирчинтай тулалдаж буй таниас монгол таеквондочдын бусдаас ялгарах онцлогийг асуумаар байна? 
-Биднийг генд дайчин чанар хадгалаастай байдаг юм шиг... Монгол тамирчин биеэ даах, өөрөө өөртэйгөө ажиллах чадвар сайтай гэж боддог. Миний суурийг О.Хосбаяр багш маань сайн тавьж өгсөн. Таеквондо Солонгосын үндэсний спорт. Энэ спортыг хөгжүүлсэн орноос Монголд ирсэн солонгос багш миний чадварыг ахиулахад чухал нөлөө үзүүлсэн. Энэ багш маань Монголын таеквондогийн холбооны шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг. Би багшаас намайг гарын бэрхшээлтэй гэлгүй энгийн тамирчин шиг дасгалжуулж өгөхийг хүссэн. Хариуд нь миний хий гэсэн дасгал сургуулилтыг хийж чадах эсэхийг асууж, надад үнэтэй зөвлөгөө өгч, бэлтгэл хийх боломжоор хангасан юм. Мөн Н.Эрдэнэбаатар багш миний амжилтад нөлөөлсөн. Хоёр багш надад пара тамирчин гэдгийг марттал бэлтгэл хийлгэж, амжилтад хүрэх боломж олгосон. 
-Таны ярианаас спорт нэгэн хэвийн байсан амьдралыгтань өөрчилж зорилготой болгосон гэж ойлголоо? 
-Яг үнэн. Санхүүгийн ажил хийдэг, ширээний ард өдөржин суудаг би нэгэн хэвийн амьдралтай болчихсон байсан. Ажлаа хариуцлагатайгаар хийдэг байсан ч сэтгэл хангалуун бус байсан. Спорт миний бүх зүйлийг үнэ цэнэтэй болгосон. Миний амьдрал, дотоод сэтгэл, хүн байх утга учрыг мэдрүүлсэн. Энэ сайхан спортыг сайхнаар нь байлгахын тулд би сайн хүн байх ёстой гэж боддог. 
-Одоо та ажпаа хийж байгаа юу. Бэлтгэлээ хийхийн хажуугаар ажил хийх амаргүй биз? 
-2015 онд бэлтгэлийн хажуугаар спортоор хичээллэх нь амаргүй байсан. Тиймээс ажлаа хүлээлгэж өгөөд таеквондогоор хичээллэхээр шийдсэн. Хэцүүгээс нь эхлүүлсэн ажлын ард гарахад амттай, урамтай байдаг. Хэдийгээр ажлаасаа гарч амьдралын шаардлагаас зохион байгуулагч хийсэн ч ядраад байсан учир нуруун дээрх бүх ачаагаа гэр бүлийнхэндээ өгсөн. Ингэж олдсон цаг хугацаа, хичээл зүтгэлийн дүнд 2016 онд Азийн аварга болсон юм. Дараа жил нь дэлхийн аварга болоход миний амьдрал өөрчлөгдөж төр, засгаасаа тзтгэмж авч, бага ч атугай амьсгаа авах боломжтой болсон доо.  
-Удахгүй та нутгийн зүг хүлгийг жолоо залах байх. Дэлхийн аваргаас мөнгөн медальтай ирсэн таныг архангайчууд ёслол төгөлдөр угтан авах болов уу? 
-Дэлхийн аваргаас хоёр дахь медалиа аваад Токиогийн олимпын эрхээ биелүүлээд ирж байхад над руу ядаж баяр хүргээд утсаар ярьсан хүн байхгүй. Магадгүй энэ нь тамирчдын үнэлэмжтэй холбоотой болов уу. 2020 оны олимпоос медаль аваад ирэхэд ийм байдалтай угтвал сэтгэл зүйн хувьд надад амаргүй л байна. Гэхдээ би шантрахгүй. Зорилгоо биелүүлэхийн төлөө хичээнэ ээ. 
-Ярилцсанд баярлалаа 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News