Б.Чинзориг хоёр дахь олимпдоо оролцоно » Төр.мн

Б.Чинзориг хоёр дахь олимпдоо оролцоно

Б.Чинзориг нэмэгдсэнээр монголчууд одоогоор олимпын 10 эрхтэй болоод байна
75 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ өнөөдөр Ирантай тулалдана. Ялбал "Токио 2020"-ыг зорих тийзээ захиалах юм
Йорданы Амман хотод Ази, Номхон далайн орнуудын боксын олимпын эрхийн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцож, одоогоор ганц эрх авав. Монголчуудын найдвар тавьж байсан Э.Цэндбаатар 57 кг-д тулалдахдаа хоёрдугаар тойргоос үзэгчдийн суудалд шилжсэн. Тэгвэл 63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга, "Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг Энэтхэгийн боксчин Каушик Манишийг 3:2-оор буулган авснаар олимпын эрх халааслалаа. Ийнхүү ОУХМ Б.Чинзориг Монголын ширэн бээлийтнүүдээс "Токио-2020”олимпын эрх авсан анхны тамирчин болов. Түүний хувьд 2014 онд Армийн дэлхийн аварга болж, 2018 оны Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж, 2016 оны Риогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байлаа. Б.Чинзориг анх 2005 онд 14 настайдаа "Алдар” спорт хороонд ирж, А.Гантулга багшийн шавь болж байв. Гэхдээ тэр боксоос өмнө сагсан бөмбөгийн спортод илүү сонирхолтой байсан бөгөөд сагсны секцэнд орох зорилгоор "Алдар” дээр иржээ. Энэ үед түүний найз спортын мастер Б.Гансүх боксын бэлтгэл хийж байхтай таарсан нь боксчин болоход нөлөөлсөн гэдэг. Уг спортоор хичээллээд ердөө дөрөвхөн сарын дараа гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улмаар "Олимпын гараа”-д түрүүлснээр боксын хүрээнийхэнд танил болж, мэргэжилтнүүдийн хараанд өртсөн түүхтэй. Түүнээс гадна 75 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ Индонезийн тамирчныг 5:0-ээр ялсан бөгөөд өнөөдөр Ирантай тулалдана. Ялбал "Токио 2020”-ыг зорих тийзээ захиалах юм. Амманд болж буй тэмцээнээс өчигдрийн байдлаар Энэтхэг, Казахстан найм, БНХАУ, Узбекистан зургаа, Йордан тав, Австрали, Тайвань дөрөв, Тайланд гурав, Япон, БНСУ хоёр, Монгол, Шинэ Зеланд, Филиппин, Вьетнам улс тус бүр нэг эрх авчээ. Б.Чинзориг нэмэгдсэнээр монголчууд одоогоор олимпын 10 эрхтэй болоод байна. Манайт тамирчид хөнгөн атлетик, байт харваа, бокс, сагсан бөмбөгөөр тус бүр нэг, чөлөөт бөхөөр хоёр, буудлагаар дөрвөн эрх аваад байгаа юм.
Засгийн газрын мэдээ сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News