Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдээс танилцуулах энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ:
-2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд 2022 оны төсөв батлагдсан. Энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд худалдаа авах ажиллагаа тендерийн үйл ажиллагаанууд ямар гүйцэтгэлтэй байна вэ гэдэг нэгдсэн мэдээллийг хуралдаанд танилцуулсан. Нэгдүгээр сарын 18-ний өдрийн байдлаар энэ жил батлагдсан нийт 717 төсөл арга хэмжээний нийтдээ 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтуудаас одоогийн байдлаар 19.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Өөрөөр хэлбэл, 140 төсөл арга хэмжээний тендерийг зарласан байгаа нь маш хангалтгүй байна гэж үзлээ. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нар болон тендер зарлан зохион байгуулдаг бүх төсвийн захирагч нарт гурван сарын 1 гэхэд өөрсдийн хариуцсан худалдан авах ажиллагааг хийх хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
717 төсөл арга хэмжээнээс бараг 50 хувь нь буюу 342 төсөл арга хэмжээг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх газрууд нь тендерүүдийг зохион байгуулж эхлүүлэх ёстой. Гэтэл харамсалтай нь бүх аймгуудаас долоод нь нийтдээ 13 тендер зарласан байна. Энэ бол маш хангалтгүй тоо. Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна. Тиймээс төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт хугацаатай хатуу үүрэг даалгавар өгсөн. Тендер болон хөрөнгө оруулалтын төсвийн бодлого нь эдийн засгийг дэмжих, байгууллагууд цалин орлоготой байх цаашлаад өрхийн орлогын хэмжээнд хүртэл нөлөөлдөг.
2022 оны төсөв батлахад Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл дээр аудит хийхэд төсөл арга хэмжээ нь бэлэн биш, ТЭЗҮ нь байхгүй гэсэн акт гараагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн барьсан бүх төсөл, арга хэмжээнүүд тендер зохион байгуулахад бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж үзсэн. Тиймээс цэвэр зохион байгуулалтын арга хэмжээнээс хамаарна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар орон нутагт тендер зохион байгуулахдаа маш удаашралтай байна. Өмнөх жилийн олон удаагийн хөл хориотой байсан бол энэ жил тэдэнд ямар нэгэн шалтгаан тоочих эрх байхгүй. Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнээс өмнө нийгмийн даатгалын суурь тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай. Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ нь процессын хууль юм. Үүгээр реформын шинжтэй олон асуудал хөндөгдөнө. Харин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх эсэх нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар нь тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог. Цаашид инфляцын хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна.