Монгол Улсын Хөгжлийн банк дампуурлын ирмэгт тулсныг өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдсэн. Тэрбээр “Чанаргүй зээлийн улмаас олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нэмж хөрөнгө татан төвлөрүүлэх боломжгүй. Улмаар цаашид банкны үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломж хумигдана” гэсэн юм. Түүний мэдээлснээр, Монголбанкнаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнд нийт зээлийн бакц 3.2 их наяд төгрөг байгаагаас 55 хувь нь чанаргүй зээл болж мууджээ. Тус банк 26 компаниас 882 тэрбум төгрөгийн авлагатай тул тэднийг шүүхэд өгчээ. Гэсэн ч цаг хугацаа алдаж, зээлээ эргүүлэн авч чадахгүйд хүрч байгааг ч банкныхан нуугаагүй юм. Иймд Хөгжлийн банк дампуурлаа зарлахад хүргэсэн 26 компанийн зээлийн мэдээллийн байгууллагын нэг “Бэрэн” групп ороод байгаа юм.
Угтаа бол 1990 оны компьютерийн программ хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. өнгөрсөн хугацаанд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн импортлон дотоод зах зээлд худалдан борлуулахын зэрэгцээ хүнсний үйлдвэрлэл, ноос ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлж байна.. Сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж компанийн бодлого стратегийг шинэчлэн тодорхойлсноор одоогийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, Гадаад дотоод худалдаа, Барилга, үл хөдлөх хөрөнгө гэсэн 4 томоохон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дотоодын болон гадаадын зах зээлд 100 гаруй төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн буюу жилдээ сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг бие даасан 13 компани, 1500 гаруй ажилтантай группийн зохион байгуулалт бүхий компани болон ажиллаж байгаа.
“Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Бэрэнбаралын Мөнхтөр юм. Тэрээр өмнө хэдэн асуудалд нэр холбогдож цагдаа шүүхээр явж байсан хар түүхтэй. Гэтэл Хөгжлийн банкнаас 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан аж. 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барихаар авсан зээлээс 3.2 тэрбум төгрөг төлсөн. Зээлийн нийт үлдэгдэл 43 тэрбум төгрөг болжээ. Харин тус группийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ сарын 14-нд болж, шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа юм.