НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран онцлох 10 гэр бүлийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд болов. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар эдгээр гэр бүлд шагнал гардууллаа.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа “Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэн, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ухаан, хамтын амжилт, авьяас чадвараар манлайлсан гэр бүлүүдийг алдаршууллаа. Ийн гэр бүлийн хамтын амжилтыг алдаршуулж, олон нийтэд түгээснээр олон гэр бүл, тэр тусмаа шинэ, залуу гэр бүлүүд үлгэр жишээ авах, суралцах чухал ач холбогдолтой” гэдгийг онцолж байлаа.
Онцлох гэр бүлээр
1.Өнөр гэр бүл: Б.Бат-Очирын гэр бүл
2.Эерэг хандлага түгээгч гэр бүл: Б.Энхтулгын гэр бүл
3.Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүл: Н.Энхбаатарын гэр бүл
4.Оюуныг дээдлэгч гэр бүл: Н.Нямдоржийн гэр бүл
5.Бүтээлч гэр бүл: Ц.Мянганбуугийн гэр бүл
6.Ногоон хөгжлийг дэмжигч гэр бүл: Б.Эрдэнэ-Очирын гэр бүл
7.Авьяаслаг гэр бүл: Д.Шинэцогийн гэр бүл
8.Спортын түүчээ гэр бүл: Д.Бат-Эрдэнийн гэр бүл
9.Өв соёлыг дээдлэгч гэр бүл: Б.Өсөхбаярын гэр бүл
10.Онцлох Тэргүүн гэр бүл: Ө.Ганбаатарын гэр бүл тус тус шалгарсан юм.
Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүлээр шалгарсан Н.Энхбаатар “Анх онцлох гэр бүлээр шалгарсан гэдгээ сонсоод маш их баярласан. 2009 оноос эхлэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлаж байна. Өнөөдрийн байдлаар 74 удаа цусаа бэлэглэж, 222 хүний амь аварчээ. Миний хань 56 удаа цусаа бэлэглэж, 168 хүний амь аварсан. Бусдын төлөө хийсэн буян хэзээ ч багадахгүй. Би Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т диспетчер инженерээр ажилладаг, нийслэлийн Хүндэт донор” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
НӨАТ-ын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Занданбат гэх хүнээр бусдын “НО”-г шалгуулна гэдэг шударга гэж үү?
© 2013-2021