Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамын засварын ажил хэзээ дуусахыг, хууль батлагдсанаар тээвэрлэлт хийж буй автомашинуудад хяналтын төхөөрөмж тавьж, жолоо барих цагийг есөн цаг болгон бууруулах шаардлага тавьснаар бараа тээвэрлэгчдийн ажилд хүндрэл учирч, ашиг орлого буурах асуудал гарах эсэхийг тодруулж байлаа.
Манай улс Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт нэгдэн орсноор машин болгонд хяналтын төхөөрөмж тавихгүй гэлээ. 2007, 2010 оноос хойш европт үйлдвэрлэгдсэн ачааны машинууд тийм төхөөрөмжтэй бөгөөд тэдгээрийг хэрэглээнд оруулж, системд холбох юм байна. Харин Хятадад үйлдвэрлэсэн автомашинуудад тийм төхөөрөмж байхгүй учраас тэдгээр автомашинд тавина. Ийм төхөөрөмжгүй автомашины жолооч нар хил нэвтрэнгүүт торгуулж байгаа учир үүнийг шийдвэрлэхийн тулд хуульчилж байгаа хэмээн тайлбарлалаа. Мөн жолооч есөн цаг жолоо барих шаардлага тавьснаар тээвэрлэлт саатахгүй. Харин машинаа ээлжлэн барих нэмэлт жолоочтой болж, ачаалал нь буурна. Ингэснээр жолооч нарын аюулгүй байдал хангагдаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэсэн хариулт өгсөн юм.
Түүнчлэн гишүүд Дарханы чиглэлийн замын бүтээн байгуулалтын явц, үнийн өсөлтөөс шалтгаалан ажил зогссон гэсэн мэдээлэл үндэслэлтэй эсэхийг тодруулж байлаа.
Ажлын хэсэг, Дархан чиглэлийн замын ажил Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкуудын санхүүжилтээр хэрэгжиж буйг дурдаад санхүүжилт сааталгүй орж ирж байгаа гэлээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс үнийн өсөлттэй холбоотой асуудлыг тавьж буй бөгөөд энэ талаар санхүүжүүлж буй банкуудад уламжилсан гэв. Замын ажил хэвийн явагдаж, дотоодын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлснээр эцсийн хэлэлцүүлэг өндөрлөж, хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.