Төрсний дараах сэтгэл гутрал
(нөхөр, ээж, хадам ээж, эгч, дүү, найз гэх мэт таны ойр хавьд дөнгөж төрсөн эмэгтэй байгаа л бол бүр илүүтэй анхаарч уншина уу?)
Хэзээ нэгэн цагт та эдгээр үгсийг сонсож байв уу?
Аль эсвэл хэлж байв уу?
Хэрвээ тантай холбоотой сэдэв шиг санагдаж байвал та дуустал нь цаг гаргаад уншаарай.
Төрсний дараах сэтгэл гутрал нь ээж болсон бүхий л хүнд тохиолдож болох зүйлүүдийн нэг мөн юм. Гэвч энэ нь зөвхөн нярайлсан ээжид ганцааранд нь л хамаатай асуудал хэзээ ч биш.
Тухайн ээж өөрийн хяналтаа алдсанаар болчимгүй үйлдэл ч хийж болохоор эх хүүхдэд тулгарах аюул гэж хэлж болно.
Сэтгэл гутралын 3 төрлийн шинж:
1. төрсний дараах уур бухимдал
2. төрсний дараах сэтгэл гутрал
3. төрсний дараах сэтгэцийн өөрчлөлт
Төрсний дараах уур бухимдал нь эхний 2 долоо хоногт явагдаж болох ба аажимдаа арилдаг. Энэ үед бухимдах, уцаарлах, айдаст автах гэх мэт өөрчлөлтүүдийг мэдрэх ба энэ нь хэвийнд тооцогддог. Дийлэнхий эмэгтэйчүүдэд тохиолддог.
Төрсний дараах сэтгэл гутрал нь 3-6 сарын дараа гэхэд аажимдаа тайвшраад сайжирдаг ч зарим тохиолдолд даамжирч шинж тэмдэг хүндэрдэг. Гэмтэл бэртэл, сөрөг бодлууд, айдас түгшүүр, амиа хорлолт, үхлийн талаарх бодлууд хэвийн мэт бодогдож эхэлнэ.
Төрсний дараах сэтгэцийн өөрчлөлт нь тэр бүр элбэг тохиолддоггүй ч хий зүйл харах, сонсох зэргээр илэрдэг. Ийм тохиолдолд даруй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Сэтгэл гутралын шалтгаан
Сэтгэл гутрал нь ихэвчлэн төрсний дараа 4-6 долоо хоногийн хооронд явагдаж эхэлдэг. Жирэмсэн болсон даруйд гармонийн өөрчлөлтөд ордог ба эхэн үедээ өсөж, дунд үедээ тогтворжиж харин төрөх дөхөх үед эрчимтэй өсөж, төрсний дараа эргээд буурч 6 сараас 1 жилийн хугацаанд хэвийн тогтвортой байдалд ордог.
Бие махбодын хувьд гармони огцом өөрчлөлт нь сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдалд маш том нөлөө үзүүлэх гол шалтгаан болдог.
Харин сэтгэлзүйн хувьд төрсний дараа ээж болох хариуцлага, хүүхэд өсгөх айдас, нөхөртэйгөө зөрчилдөх зэрэг олон янзын хүчин зүйлүүд холилдон сэтгэл гутралд орох шалтгаан болдог.
Сэтгэл гутрал хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ?
Хүүхэд хөхөө хөхөх үед ээжийнхээ халуун дулаан хайр халамжийг мэдэрч үргэлж ээжтэйгээ харц тулгарч байдаг. Тэд эхийнхээ баярлах, гуниглах гээд бүхий л сэтгэл хөдлөлийг мэдэрч байдаг. Харин сэтгэл гутралтай үеийн сэтгэл зүй нь хүүхдэд мэдрэгдээд зогсохгүй эх үрийн нандин харилцаанд таагүй холбоос үүсгэх хор хөнөөлтэй байдаг.
✅ Сэтгэл гутралын тест:
1. Сэтгэл санааны огцом хэлбэлзэл
2. Жижигхэн зүйлд гомдон уйлах
3. Ямарч шалтгаангүй бухимдах
4. Нойргүйдэл
5. Бүгд утгагүй, уйтгартай байх
6. Олон янзын ааш гаргах
7. Нөхөр болон гэр бүлийн хүмүүсээ үзэн ядах
8. Хоолонд дургүй болох, эсвэл дуршил ихсэх
9. Жин огцом буурах, эсвэл нэмэгдэх
10. Хүүхэд харах төвөгтэй санагдах
Дээрх тохиолдолуудаас 6 нь танд илэрвэл сэтгэл гутралд орсон байх магадлал өндөр тул та мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Энэ тохиолдолд та ганцаараа хичээгээд бүрэн шийдэгдэх асуудал биш ба танд мэргэжлийн зөвлөгөө, эмчилгээ шаардлагатай.
Сэтгэл гутралыг өөрөө давах
1. Та сэтгэл гутрал явагдаж байгааг аль болох хүлээн зөвшөөрч даваад гарах оролдлого хийх
2. Таны ойр байгаа хүмүүст өөрийнхөө сэтгэл санааны байдлыг бүрэн илэрхийлэх
3. Хүүхэд асаргаа болон бусад мэдээлэл солилцох шинэ орчинд элсэх
4. Дотны хүмүүстэйгээ уулзаж стрессээ тайлах, нийгмийн харилцаанд аль болох идэвхтэй оролцох
5. Танд тохирох стресс тайлах аргатай болох
Нөхөр болон гэр бүлийн гишүүд хэрхэн туслах вэ?
1. Дөнгөж төрсөн эхийн зүгээс түүнтэй санал нийлж дэмжих
2. Нярайг гар бие оролцон хамтдаа асрах
3. Аль болох яриаг нь тайван сонсох, харилцан ярилцах
4. Амралтын өдрүүдээр хамтдаа салхилах
5. Баярлалаа, хайртай шүү гэх мэт хайрын үгсийг үргэлж хэлэх
Төрсний дараах сэтгэл гутралыг эх ганцаараа даван туулах боломжгүй гэдгийг гэрийнхэн нь маш сайн ойлгож хүлээн зөвшөөрөх ба дээр зөвлөмжүүд тус болохгүй тохиолдолд мэргэжлийн хүнд заавал хандах ёстой гэдгийг гэр бүлээрээ ойлгож ач холбогдол өгөөрэй.
Хувийн бодол
Хэзээ ч битгий дөнгөж төрсөн эмэгтэйг хэн нэгэнтэй, өнгөрсөн цаг үе өөр өөр нөхцөл байдалтай харьцуулан жишээрэй. Зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөр ч өөрийн үгсийн санд байдаг хамгийн хайр татам, халамжтай, санаа тавьсан үгнүүдийг түлхүү хэрэглээрэй.
Найзууд болон эгч нар нь хэзээ ч битгий таргалж турсан талаар нь хэлэлцээрэй. Туршлагаараа тус болж болох ч гайхуулж мэдэмхийрч зааж битгий яриарай. Гэрт нь ирж хоол хийлгэж идэж хүүхдийг нь ямар байгаа талаар битгий хошуу дүрээрэй. Танд ч бас ийм цаг ирэх тул аль болох тусалж өдөрт ганцаараа байхдаа хийгээд идэх хоолноос нь бэлдэлцээд яваарай.
Ээж нар нь цаг үетэйгээ уялдаагүй шингэц удаан илчлэг ихтэй хоолоор битгий шахаарай. Тэрний оронд 1 цаг ч болов унтуулаарай. Учир нь дөнгөж төрсөн эхийн бие булчингийн ажиллагаа сэргээгүй ядруу нялх байдаг тул тэр их хэмжээний илчлэгтэй хоол, нарийн боов, сүүтэй цайг яаж ч хөдлөөд зарцуулж чадахгүй. Улмаар таргалах ба таргалсных нь дараа турахыг шаардаж ямар муухай гэрийн авгай болсон талаар ам уралдуулдаг шүүдээ. Тиймээс нойроо хангалттай авахад нь туслаарай. Нойр хангалттай үед сүү сайн ордог.
Эцэст нь дөнгөж төрсөн ээжүүд минь бүгдийг амжуулах гэж супер эмэгтэй байх гэж өөртөө хэт их ачаа дарамтыг бүү өгөөрэй. Та заавал сайн нь мундаг нь байх албагүй. Та өөрийгөө мэддэг, мэдэрдэг өөрөө өөртөө таатай байх нь та болон таны хүүхдийн сэтгэл зүйд тустай. Хэт их бүгдийг өөрөө зохицуулж сурснаар дараа нь танд туслах хүн ховордохыг хэлмээр байна. Тэр үед хэчнээн гуйгаад нэмэргүй шүүдээ. Танд таалагдахгүй байсан ч хэн нэгний туслалцаанд баярлаж сэтгэл ханаж сураарай. Ингэснээр танд өөрөө өөртөө санаа тавих цаг ч гарах болно. Тайван амгалан, найз нөхөдтэйгөө урдийн адил холбоотой байхыг хичээж хөгжилтэй цовоо байгаарай гэж бидний зүгээс зөвлөмөөр байна" хэмээн мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөж байна.