“Ирээдүй Алтай” холбоо, Говь-Алтай аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “ХЯЗГААРАА ТЭЛ” хөгжлийн форум Сутай хайрханы өвөрт орших Тонхил сумаас эхэллээ. Тонхил сум нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 2024 онд 100 жилийн ой нь тохиох аж. Мөн энэ сум нь мал сүргийнхээ тоогоор тогтмол дээгүүр байрт бичигддэг хэмээн нутгийн зон олон сайшаан ярьсан юм.
Форумын хүрээнд Говь-Алтай аймгийн 18 сумын иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсон, харилцан ярилцаж, тэдний дуу хоолойг удирдах албан тушаалтнуудад хүргэхээр зорин ажиллаж байгаа юм. Зохион байгуулагч баг, уран бүтээлчдийг Тонхил сумын иргэд халуун алга ташилтаар угтан авч илтгэгчдийн илтгэлийг сонсоод зогсохгүйгээр уран бүтээлчдийн тоглолтыг шимтэн үзэн бүжиглэж, нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм.
Тухайлбал, МУСТА, дуучин Я.Гэрэлчулуун, Дуучин Г.Батсүх, Дуучин Л.Уранболор нар уран бүтээлийн тоглолтоо толилуулав. Мөн “Эрүүл мэнд ба эрүүл мэндийн мэдлэгээ тэлье” сэдвээр “MCBC” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гоолингоо, “Харилцаа хандлага, оролцоогоо тэлье” сэдвээр Нийслэл дэх Говь-Алтай аймгийн залуучуудын холбооны тэргүүн Д.Нармандах, “Түншлэл ба хязгааргүй боломж” сэдвээр “Төр” мэдээллийн агентлагийн гүйцэтгэх захирал Б.Шүрэнцэцэг, “Малчдын бизнесийн боломж орлогынхоо хязгаарыг тэлье” сэдвээр Говь-Алтай аймгийн залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Баян-Эрдэнэ нар илтгэл тавьсан юм.
Түүнчлэн, “Сэтгэлийн тэнхээ бодлын хязгаар” сэдвээр “Ирээдүй Алтай” холбооны дэд тэргүүн З.Алтантуяа, “Өөрчлөлтөөс эхлэл, алхамаас амжилт өөд” сэдвээр “Ирээдүй Алтай” холбооны тэргүүн Н.Амартүвшин нарын илтгэгчид илтгэв.
Форумын төгсгөлд Тонхил сумын иргэд сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Сумын иргэд бид ийм үйл ажиллагаагаар дутагдаж байжээ. Бидний “ХЯЗГААРЫГ ТЭЛ”-ж, чухал сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл өгсөнд талархаж байна. Цаашид ийм үйл ажиллагааг олон удаа зохион байгуулаасай” хэмээн ярьцгаасан юм.
Ийнхүү “ХЯЗГААРАА ТЭЛ” хөгжлийн форумын баг дараагийн сум буюу Дарви сум руу өртөөллөө.