“Mongolia Mining-2019”-аар хариуцлагатай уул уурхайн талаар хэлэлцэнэ » Төр.мн

“Mongolia Mining-2019”-аар хариуцлагатай уул уурхайн талаар хэлэлцэнэ

 
"Mongolia Mining-2019” олон улсын уул уурхайн үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 10-12-нд Буянт-Ухаа спортын ордонд болох гэж байна.
Ес дэх удаагийн энэ үзэсгэлэн "Хариуцлагатай уул уурхайг дэмжье” уриан дор болж 20 гаруй орны 150 орчим компани, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, мөн Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларус, Казахстан зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, Монголын уул уурхайн салбарт техник, технологи, үйлчилгээгээ танилцуулна. "Трансвест Монголиа”, "Юнайтэд белаз машинери”, "ЗАМайн Сервисиз”,  "Хера Экуйпмент”, "Грийн химистри”, Эпирок Монголиа”, "Профэйшнл” ХХК зэрэг уул уурхайн салбарын томоохон техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчид шинэ техникүүдээ дэлгэн харуулж, бүтээгдэхүүнээ танилцуулж сурталчилна.
Мөн Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөөг танилцуулж, хариуцлагатай уул уурхайн талаар хэлэлцэнэ гэж зохион байгуулагчид мэдээлж байна. Тодруулбал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх сэдвийн дор уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хөрөнгө, оруулалтыг сурталчлах юм байна. Энэ үеэр УУХҮЯ-наас гадаад дотоодын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулан "Монгол улсын эрдэс баялгийн нөөц, төрийн бодлого”-ын талаар илтгэл тавьж, "Оюутолгой”, Эрдэнэт УҮГ, Эрдэнэс таван толгой  ХХК-ийн худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.
Үзэсгэлэнг УУХҮЯ, АМГТ-ны газар, МҮХАҮТ, "Оюутолгой” ХХК-ийн дэмжиж "Майнэкс Монгол” ХХК зохион байгуулж байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр "Komatsu” брэндийн албан ёсны дистрибьютор "Трансвест Монголиа” ХХК, алтан ивээн тэтгэгчээр үндэсний бүтээн байгуулагч "Цбон” болон "”ЦГН” компаниуд ажиллаж байгаа бол үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр мөн үндэсний бүтээн байгуулагч "Хера Экупмент” ХХК ажиллаж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News