Тэгш хамран сургах боловсрол Өвөрхангай аймагт » Төр.мн

Тэгш хамран сургах боловсрол Өвөрхангай аймагт

 
Өвөрхангай аймгийн хувьд 2001 оноос Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн дэргэд тусгай бүлгийг хэл яриа, харах сонсох эрхтний бэрхшээлтэй 7 сурагчтайгаар нээж тусгай хэрэгцээт боловсрол олгож эхэлснээс хойш нийт 130 гаруй тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлээд байна. Сүүлийн гурван жилд 3 сурагчийг их сургуульд, 11 суралцагчийг МСҮТ-д элсүүлэн суралцууллаа гэж тус аймгийн БСУГ-ын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Н.НЯМСҮРЭН ярьж байна.
Өвөрхангай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 0-16 насны 420 гаруй хүүхэд бий. Эдгээр хүүхдээс 166 нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаагийн 74 суралцагч ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж байна. Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг энгийн хүүхдүүдийн адил уншуулж, бичүүлж, бодуулж сургах гэхээс илүүтэй амьдрах чадварт сургах, хүүхэд бүрийн онцлог чадварыг нээн илрүүлж түүнд нь тулгуурлан хөгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг тусгай бүлгийн сурагчдаа спортын чиглэлээр хөгжүүлэн улс, тив, дэлхийн аварга сурагчдыг төрүүлсэн багш нарын туршлагаас харж болно.
Аймгийн ИТХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаар тогтоолоор ХБХ-ийн эрхийг хамгаалах, тэднийг эрүүл хүүхдийн адилаар тэгш хөгжүүлэх, оролцуулах боломжоор хангах зорилготой "Адил боломж” аймгийн хөтөлбөрийг баталж хүүхдэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулсны нэг нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, СӨББ-ын эрхлэгч нарын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах талаар заалт тусган хэрэгжүүлснээр нийт сургууль, цэцэрлэгийн 80 гаруй хувь нь шаардлагад нийцсэн налуу шаттай, 3 сургууль шинээр ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа суралцагчдад зориулсан хүүхэд хөгжлийн танхим тохижуулж, өөртөө үйлчлэх анхан шатны чадвар эзэмшүүлэх, амьдрах чадварт сургах, сурлагын хоцрогдол арилгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн аймгийн БСУГ, НТБТ-ийн мэргэжилтнүүд Японы хүүхдийг ивээх сангийн "Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах нь” төслийг 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа 2 сургуулийн бага ангийн 36 багш, 3 сургалтын менежертэй хамтран "Тэгш хамруулан сургах үзэл баримтлал”, "Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын ахиц амжилтыг үнэлэх, ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сургалтад бага ангийн 370 багш, 30 сургалтын менежерийг хамрууллаа.
Байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй 18 хүүхдэд гэрийн сургалтыг зохион байгуулсан нь эцэг, эх, асран хамгаалагч, хүүхдүүдэд сургуульд сурах бүрэн боломж байна гэдгийг ойлгуулснаар сүүлийн 2 жилд 5 хүүхэд ЕБС-д элсэн суралцаад байна. Мөн тусгай хэрэгцээт бүлэгт суралцаж байгаа сурагчдаас 5 сурагч энгийн ангид шилжин амжилттай суралцаж байна.
Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлийг БСУГ-ын даргын тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн ахлагч нь ЭМБНХС комиссын гишүүн байгаа нь ХБХ-ийг сургуульд хамруулахад, сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд маш их үр нөлөөтэй байгаа. Төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирснаар ХБХ-тэй эцэг эхчүүдийн болон олон нийтийн хандлагыг эерэгээр өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, зөв оношлох, СӨББ, ЕБС-д хамруулах, нийгэмшүүлэх, ахиц амжилтыг нэмэгдүүлж амьдрах чадварт сургах үйл ажиллагаа цогцоор хэрэгжиж үр дүнгээ үзүүлж байна. Эдгээр эерэг үр дүнг улам нэмэгдүүлэх, ХБХ-ийг үргэлжлүүлэн энгийн ангид амжилттай суралцахад дэмжлэг болох боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн сурах үйлийг дэмжих хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах, сургалтад ашиглах арга зүйн туршлага солилцох уулзалт, ХБХ-тэй ангийг даан авах дунд ангийн багшийг эрт томилж багшид сурагчтайгаа танилцах, судлах боломжийг эрт өгөх, дунд ангид орох сэтгэл зүйг бэлтгэх, багш нарын арга зүйг нэгтгэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж Н.Нямсүрэн багш аймгийн туршлагаа бидэнтэй хуваалцлаа.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News