Замуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов » Төр.мн

Замуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн амралтын өдрүүдэд авто болон төмөр замын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж, тодорхой үүрэг чиглэлийг өгөв.
Тэрбээр долоодугаар сарын 13-15-нд Улаанбаатар-Дархан, 20-21-нд Улаанбаатар-Налайхын авто замууд, 26-28-нд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талбар дээр ажиллалаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замын засвар шинэчлэлтийн ажлын явц 2 дугаар багц буюу Хар модотын даваанаас Урьхан хүртэлх 45.5 километр, 4 дүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 километр зам барилгын ажлууд удаашралтай, графикт хугацаанаас хоцрогдолтой явагдаж байгааг салбарын сайд анхаарууллаа. 
Дарханы замын трасс бор шороон хөрс ихтэй тул бороо хур их орж байгаа зуны улиралд түр зам урсах, халтиргаа гулгаа үүсэх, шавар ус ихээр хуралдах зэргээр ажлын явцыг удаашруулах, хөдөлгөөний аюулгүй байдалд хүндрэл учруулах нөхцөл байдал үүсч байгаа юм. Тиймээс зарим хэсгийн ажлыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах, хүн хүч, техник хэрэгслээ нэмж, 24 цагаар ээлж гарган шуурхай ажиллахыг үүрэг болгов.
Гачууртаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр дөрвөн эгнээ авто замын барилгын ажил одоогоор 34.7 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа хэдий ч графикт хугацаанаас 8 хувийн хоцрогдолтой байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын нэг том төсөл тул төлөвлөгөөт хугацаандаа, чанартай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн жишиг зам болох ёстойг ажил хариуцаж буй бүх нэгжид санууллаа. 
Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил нь Монгол Улсад хэрэгжиж буй томоохон том бүтээн байгуулалтын нэг юм. Энэ оны тавдугаар сарын 24-нд шав тавьсан уг төмөр замын төслийн суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр зэвсэгт хүчний 7781 дүгээр анги, туслан гүйцэтгэгчээр төв, орон нутгийн нийт 8 дотоодын аж ахуйн нэгжийн консерциум ажиллаж буй юм. Техник хэрэгсэл шинээр нэмж худалдан авсан, гидро геологи, хөрсний судалгааны ажлууд дууссан, худаг ус гаргах, карьер олборлох, зураг төсөл хүлээлгэн өгөх, улаан шугам тавих, түр зам гаргах, ул дэвсэх зэргээр төслийн ажил хэвийн үргэлжилж байгааг төслийн Ерөнхий захиалагч "Монголын төмөр зам” ТӨХК болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд онцлов.
ЗТХ-ийн сайд төмөр замын доод болон дээд бүтцийн ажлыг гүйцэтгэхдээ хийдэл гаргахгүй байх, төмөр замын дэр бетон, гүүр хоолойн ажлуудыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд захиалга өгч, цаг алдалгүй хийлгэх, төмөр замын рейлс төмрийг яаралтай судалсаны үндсэн дээр захиалга өгч, татан авалт хийж байх хэрэгтэйг онцоллоо. 
Түүнчлэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол гаргаж, иргэд олон түмэнд мэдээлж байхыг яамны холбогдох газар хэлтэст, зам тээврийн осол, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллахыг Тээврийн цагдаагийн албанд үүрэг болголоо гэж ЗТХЯ-аас мэдээллээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News