Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл жил бүр үүсдэг. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн. Цаг агаар дулаарч халиа тошингийн нөхцөл байдал хэвийн байдалд шилжсэн ч УБЗАА, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/-аас тогтмол хяналт тавин ажиллаж байна.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хаврын шар усны үер болоод халиа тошин үүссэн байршлуудад байнгын хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Нийслэл, дүүргийн онцгой байдлын байгууллагаас холбогдох хүн хүч, машин механизмын зардлыг шийдвэрлэсэн. ГУББГ-аас 20 орчим байршилд байнгын үзлэг, шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Халиа тошингийн нөхцөл байдал хэвийн байгаа бөгөөд цаг агаар дулаарсантай холбоотойгоор хайлалт үүсэж, доошоо суулт өгч байна. Их хэмжээгээр үүссэн мөсийг түрж, зөөвөрлөсөн. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэх хаврын их цэвэрлэгээний үеэр үерийн далан, шугам сүлжээний цэвэрлэгээг эрчимжүүлнэ” гэв.
Халиа тошин үүсдэг байршилд зөвшөөрөлгүй оршин сууж буй 3300 орчим өрх байдаг. Холбогдох байгууллагуудаас эдгээр айлд жил бүр нүүлгэн шилжүүлэх албан мэдэгдэл хүргүүлдэг байна. УБЗАА-наас тавдугаар сарын 1-нээс эхлэн UB Engineering системээр дамжуулан халиа тошин ихээр үүсдэг, үерийн эрсдэлтэй бүсүүдийг иргэдэд нээлттэй мэдээлэхээр төлөвлөжээ. Ингэснээр орон нутгаас шилжин суурьших иргэд эрсдэлтэй бүсээс газар худалдаж авахаас урьдчилан сэргийлэх боломж үүсэх юм.
Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг байдаг. Үүнээс гадна зуслангийн бүсүүдэд хур хог хаях цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй газар барилгын болон бусад хог хаягдлыг төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. УБЗАА-наас 2022 онд хур хог үүссэн 10 орчим байршлыг цэвэрлэж, зөөвөрлөсөн бол энэ жил тус ажлаа үргэлжлүүлэхээр судалгаа хийж буй.
Уг асуудалтай холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших үерийн далангийн бүсэд ажиллав. Тус үерийн далангийн хувьд ойролцоогоор хоёр га газрыг хамардаг бөгөөд томоохон компаниуд барилгын хог хаягдал, их хэмжээний шороог зөөвөрлөн асгажээ. Ийм байдлаар хур хогийн цэг үүсгэсэн иргэн, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн цэвэрлүүлэх, цаашлаад бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар төлөвлөгөөнд тусгахаа албаныхан онцолж байв.