ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга, хурандаа Э.Товуудоржтой ярилцлаа.
-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг өргөжүүлэн алба болгосон. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажиллагаа эрчимжиж, ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газрын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 29 дүгээр тогтоол батлагдаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгох шийдвэр гарсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ЦЕГ-ын даргын тушаалаар 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Хар тамхитай тэмцэх газрыг алба болгон өргөтгөн байгуулсан.
Бид алба болсноос хойш энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бодлогын шинжтэй ажил, арга хэмжээг зохион явуулсан. Тухайлбал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд дан ганц Хар тамхитай тэмцэх алба хангалтгүй тул ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар цагдаагийн байгууллагын алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, улсын хэмжээнд энэ гэмт явдалтай тэмцэх үйл ажиллагааг явуулж байна. Мөн мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн хэлэлцүүлгийг энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газартай хамтран хоёр үе шаттай зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, 2026 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, зөвлөмж гаргаж, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.
-Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ хяналтаас гарсан, газар авсан гэсэн таамаг олны дунд байдаг. Үнэхээр тийм болсон уу?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улс бусад улс, орон шиг хяналтаас алдаагүй.
Дэлхий дахинд болон бүс нутгийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна. Үүний нөлөөгөөр манай улсад ч энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул цагдаагийн байгууллагаас тухай бүр хариу арга хэмжээг авч ажиллаж байна.
-Хар тамхи хэрэглэгчдийн тоо, судалгаа байдаг уу. Байдаг бол тэднийг бүрэн хяналтад авч чадсан уу?
-Улсын хэмжээнд сүүлийн есөн жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт 2422 иргэнийг яллагдагчаар татаж шалгасан. Бүртгэгдсэн гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэлд, 16.7 хувь нь орон нутагт гарсан. Гэмт хэрэг үйлдэгчдийн 90 хувь эрэгтэй, 10 хувь нь эмэгтэй байна.
Энэ хугацаанд шүүхээс зөвхөн хорих ялаар 1141 ялтан шийтгэгдсэн. Үүний 88.8 хувь эрэгтэй, 11.2 хувь нь эмэгтэй байна. Тэдний 446 буюу 39.9 хувь нь хар тамхины болон бусад төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдсэн этгээд байна. Зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт давтан гэмт хэрэг үйлдсэн 202 этгээд байгаагаас 2-3 удаа ял шийтгэгдсэн 189, 4-5 удаа ял шийтгэгдсэн 13, мөн бусад болон энэ төрлийн гэмт хэрэгт 8-10 удаа ял шийтгэгдсэн зургаан этгээдийг байнгын хяналтад авч ажилладаг. Түүнчлэн, энэ төрлийн гэмт хэрэгт хоёроос дээш жилийн хугацаагаар хорих ял эдлээд суллагдсан иргэдэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу харьяа цагдаагийн байгууллагаас 1-3 жил хүртэлх хугацаагаар хяналт тогтоон ажиллаж байна.
-Сүүлийн үеийн мэдээнээс харахад, хар тамхи хэрэглэж байсан, эсвэл ихээхэн хэмжээтэйг биедээ авч явсан хүмүүсийг баривчиллаа гэж байнга гарч байна. Энэ нь өмнө хэрэглэж байсан хүмүүс үү, шинээр баригдаж байгаа нь уу?
-Энэ бол байнгын хэрэглэдэг болон зарж борлуулдаг хүмүүсийн тухайд юм. Өнгөрсөн оны сүүлчээр алба болон өргөжсөнөөс хойш бид зарим нэг илрүүлсэн, шалгаж байгаа хэргүүдийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгч байгаа нь ард иргэдээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогч, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх бас нэгэн ажил юм.
-Өсвөр үеийнхний дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ их байна гэсэн яриа байдаг. Үүнд ямар хариулт өгөх бэ?
-Сүүлийн есөн жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 2422 иргэнийг насны байдлаар нь авч үзвэл 13-17 насны 107 буюу 4,4 хувь нь байна. 18-25 насныхан 50.4 хувь, 26-35 насныхан 35.8 хувь, 36-аас дээш насныхан 224 буюу 9.2 хувийг тус тус эзэлж байна. Боловсролын хувьд 60.5 хувь нь бүрэн дунд бол 59.5 хувь нь ажилгүй иргэд байна. Мөн энэ хугацаанд мансуурах зөрчилд 1976 иргэнд шийтгэл оногдуулснаас 413 буюу 20.9 хувь нь 13-17 насны хүүхэд байна.
2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчилд 13-17 насны 83 хүүхэд холбогдон шалгагдсанаас гэмт хэрэг үйлдсэн дөрвөн хүүхэд яллагдагчаар татагдаж, мансуурах зөрчилд 79 хүүхэд холбогджээ. Үүнээс 41 нь тус бүр 100.000 төгрөгөөр торгох, 22 нь 7-30 хоногийн хугацаагаар баривчлах, 22 нь албадан сургалтад хамруулах шийтгэл хүлээсэн байна.
Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа хүүхдийн тоо нэмэгдэхэд дараах хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд:
-Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш, ойр дотны хүмүүсийн хүүхдэд тавих хараа хяналт сул
-Найз, танилын хүрээлэлд уруу татагдах;
-Сониуч зан, бусдыг даган дуурайх;
-Буруу эх сурвалжаас авсан мэдээлэл;
-Мансууруулах бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар мэдлэг дутмаг.
Иймд Боловсролын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.9-д заасны дагуу сургуулийн сургалтын хөтөлбөрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас татгалзах, хор хөнөөлийг таниулах агуулгыг тусгах шаардлагатай байна.
-Манай улсад хар тамхины хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл юу вэ?
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт нь олон улсад зах зээлийн хуулиар эрэлт, нийлүүлэлтээс бүрдэж байна.
Эрэлтийг сонирхогч, хэрэглэгч, донтогч бий болгож байгаа бол нийлүүлэлтийг гадаад, дотоод нийлүүлэлт гэж ангилж байна. Гадаад нийлүүлэлт нь Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг нэвтрүүлж байна. Дотоод нийлүүлэлт нь манай улсад зэрлэг байдлаар ургадаг олсны төрлийн ургамалтай шууд холбоотой.
НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны судалгаагаар Монгол Улс нь анх 1990-ээд оны үед олон улсад хар тамхи дамжин өнгөрүүлэгч улсын нэгээр нэрлэгдэж байсан бол 2000-2020 онд энэ төрлийн гэмт хэргийн гаралт, хэрэглэгч, донтогчдын тоо нэмэгдэж, эрэлт үүсч, нийлүүлэлт бий болсноор хэрэглэгч улсуудын нэг болсон. Цаашид энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, хяналтаас гарсан тохиолдолд дотоодод үйлдвэрлэл явуулж, үйлдвэрлэгч улс болж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа манай улс руу чиглэж, хар тамхины мафи, картел үүсэх эрсдэлтэй.
-Хар тамхитай холбоотой гэмт хэргийг илрүүлэхэд цагдаагийн алба хаагчдад ямар саад бэрхшээл тулгардаг бэ?
-Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд цагдаагийн алба хаагчдаас мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, багийн ажиллагаа, сахилга бат, хариуцлага, албандаа үнэнч байдлыг шаарддаг. Ийм учраас удирдлагын зүгээс алба хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарч, дэмжиж ажиллахыг зорьж байна.
Үйлдэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 70 орчим хувь нь ажлын бус шөнө, оройн цагаар үйлдэгддэг тул алба хаагчид баяр ёслол, амралтын өдрөөр, зарим үед гэртээ ч харих завгүй уртасгасан цагаар, өндөр ачаалалтай ажиллах үе олон байдаг.
Ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдал, мансууралгүй ирээдүйн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа, алба хаагчдын маань арыг бат дааж, албыг ойлгож, хүндэлдэг гэр бүлд нь энэ завшааныг ашиглан талархал илэрхийлье.
-Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юу бэ?
-Олон улсад төрөл бүрийн урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргыг нэвтрүүлсэн байдаг. Гэхдээ олон улс, бүс нутаг, өөрийн улсын онцлог, иргэдийн аж төрөх байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил зэрэг хүчин зүйлээс хамаарч харилцан адилгүй хэрэгждэг. Манай улсын хувьд тандалт судалгаа, дүн шинжилгээний үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд дан ганц цагдаагийн байгууллага бус боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт нийгмийн бүхий л салбарт тогтмол явуулдаг бөгөөд үр дүн ирээдүйд гарна. Учир нь бага наснаасаа мансуурлын хор уршгийн талаар ойлголттой болж өссөнөөр зан үйлд нөлөөлж, зөв бие хүн болж төлөвших боломжтой юм.
-Энэ гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин хангалттай бүрдсэн үү?
-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 937 хууль байгаагаас 59 хуулийн 156 зүйл, 204 заалтад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хэм хэмжээг хуульчилсан байдаг.
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гол эх сурвалж бол УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль юм. Энэ хуулийг баталж, хэрэгжүүлээд хэдийнэ 24 жилийн хугацаа өнгөрч, олон улс, бүс нутгийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн тул энэхүү хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага үүсээд байна. Иймд тус албанаас дээрх хуулийг шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж, хуулийн хэлэлцүүлгийг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Д.ОЮУНТУЯА