Баасан гарагийн шөнө Марокко улсын Марракеш хотын ойролцоо нутагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 2,000 давжээ.
Үүнээс гадна 1,400 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын дотоод хэргийн яам өчигдөр мэдээлсэн байна. Мароккогийн хаан VI Мохаммед улс орон даяар гурван өдрийн гашуудал зарлажээ. Газар хөдлөлтийн төв цэг Марракеш хотоос баруун өмнө зүгт 71 км зайтай Атласын уулсын бүсэд тогтоогдсон байна.
Эндээс 350 км зайтай оршдог нийслэл Рабат хот болон Касабланка, Агадир, Эссауира зэрэг гол хотуудад бас чичиргээ мэдрэгджээ. Аль Хауиз мужид хамгийн олон хүний амь үрэгдсэнийг Мароккогийн дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Юнескод бүртгэлтэй түүхэн дурсгалууд олон байдаг Марракеш хотод цөөн хүн амь үрэгдсэн ч материаллаг хохирлын хэмжээ өндөр гарчээ.
Мароккогийн армийн цэргүүдийг аврах ажиллагаанд дайчилж, иргэдийн дунд цусаа хандивлах аян эхэлжээ. Энэ удаагийн гамшиг нь 1960 онд Агадир хотод тохиосон 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойших хамгийн их хохиролтой газар хөдлөлт болж байна. Тухайн үед 12,000 гаруй хүний амь үрэгдэж байв.
Сүүлийн жилүүдэд дайсагнасан харилцаатай байсан хөрш Алжир улс хүмүүнлэгийн тусламжийн ачаа тээвэрлэлтэд зориулан хаалттай байсан агаарын орон зайгаа нээжээ.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC