Өрх гэрт төдийгүй, байгууллага, олон нийтийн газар эмэгтэйчүүд, охид, хөвгүүдийг хүчирхийлэх нь тэдний бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулж, хүний эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл юм. Гэтэл энэ нь зарим тохиолдолд энгийн мэт үзэгдэл болж ирсэн байна.
Монголд анх 2017 онд үндэсний түвшинд явуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанаас үзэхэд хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа жендэрт суурилсан хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртсөн, гурван эмэгтэй тутмын нэг нь судалгаа авахын өмнөх жилд хүчирхийлэлд өртсөн байна. Мөн 2017 онд Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд, залуучууд ажлын байранд хүчирхийлэл, дарамтад өртөх явдал цөөнгүй байгаа нь тогтоогдсон байна.
Өнгөрсөн 5 жилд Монгол Улсын Засгийн газар, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, дэмжих тогтолцоог бий болгосон төдийгүй нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглүүлэхэд томоохон ахиц гаргалаа. Гэвч хүчирхийллийг таслан зогсоож, жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө хэдэн арван жилийн турш хийсэн тэмцлийн үр дүн ахиц дэвшил КОВИД-19 цар тахлын улмаас ухралтад орж болзошгүй байна. Хөл хорио, хаалттай нийгмийн үед жендэрт суурилсан хүчирхийлэл улам газар авах ч эрсдэл байна.
Бусад орнуудын нэгэн адил Монгол улсад ч бас хөл хорионы үед жендэрт суурилсан хүчирхийлэл гаарч, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны эхний хагастай харьцуулахад 2020 оны эхний хагаст 30 хувиар өссөн байна. Иймд өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө бүх салбар, ажил мэргэжлийн хүмүүс дуу хоолойгоо нэгтгэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна.
2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилтын нэг болох жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоож, жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг тус улсад хэрэгжүүлэхийн төлөө иргэн бүр, байгууллага бүр анхаарч, хүн бүр бие биенээ хүндэтгэх хайрлах нь хамгаас чухал байна.
Like
1
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
