Цагдаагийн байгууллагад сүүлийн хоёрхон сард хүүхэд мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн гэх 13 тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн найм нь нас барсан бол тав нь биедээ хүнд гэмтэл авсан буюу эмнэлгийн байгууллагад одоогоор ухаангүй, хэвтэн эмчлүүлж байна.
Эцэг, эхчүүд хүүхдээ зуны амралтаар нь хөдөө хамаатан садан, эмээ өвөөгийнх рүү нь явуулчихдаг. Очсон хүүхэд нь морь сайн унаж сураагүй байж хонинд явахдаа морь унах зэрэг хайхрамжгүй байдал гаргадаг. Энэ байдлаас болж зөвхөн хурдан морины уралдаанаас шалтгаалахгүйгээр мориноос унаж гэмтсэн байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд хичээл сургууль амарснаас хойш 10 хүүхэд өндрөөс унаж буюу хад, тагт зэргээс унаж гэмтсэн. Үүний гурав нь нас барсан байгаа юм. Энэ бол эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой. Тогонд цохиулж нас барсан хоёр, эд зүйлд дарагдаж амиа алдсан гурван тохиолдол бүртгэгдсэн.
Хүүхэд харж байгаа нэртэй байшин барилга барьж байхдаа эсвэл өөрийн хийж байгаа ажлын хажуугаар том эд зүйлийн ойролцоо хүүхдээ байлгаж байна. Үүнээс үүдэн барьж байгаа хананд нь, налуулж тавьсан хаалганд нь дарагдах тохиолдлууд бүртгэгдсээр байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай. Хүүхдүүддээ учирч болох хор уршиг, эрсдэлийг сайн тайлбарлах, бага насны хүүхдээ дэргэдээ байлгаж, гэрт нь цоожилж явахгүй байхыг хүсье.
© 2013-2021