Энэ жил нийслэл төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 26.646 га талбайд дээрх хөнөөлт шавжууд байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 18 мянган га талбай байна.
Ойн хортон шавжтай тэмцэх ажлыг судалгаанд үндэслэн БОАЖЯ-наас энэ чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлдэг. Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс энэ онд орон нутгаас баталсан төсвийн хэмжээнд авиа микробиологийн арга буюу агаарын хөлөг ашиглан Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Улиастайд 600 га, үүргийн шүршигч болон утаат багаж ашиглан микробиологийн аргаар Дээндий, Хуандай, Шар хоолойд тэмцлийн ажил өрнүүлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Яргайт, Богинын аманд 1002 га, нийт 1602 га талбайд тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Манай орны шилмүүст ойд хөнөөл учруулдаг навч шилмүүсний хөнөөлт шавжийн нэг эмэгчин нь өндөглөхдөө дунджаар 200, хамгийн ихдээ 900 хүртэл өндөг гарган маш хурдан хугацаанд асар их талбайг хамарсан голомт үүсгэх аюултай байдаг. Ойн хөнөөлт шавж тухайн бүс нутгийн ойд 3-4 жилийн турш тархаж, давтамжтай хооллосон тохиолдолд ой ургах чадвараа алдах эрсдэлтэй. Иймд 2023 онд улс, нийслэлийн зүгээс онцгойлон анхаарч, судалгаанд үндэслэн төсвийг хангалттай хэмжээнд баталж, нэн даруй тэмцлийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлага зүй ёсоор тулгараад байна.
1-2 жил дотроо хортон үүрлэсэн бол сэргэдэг. Түүнээс урт хугацаагаар хортонд идэгдэж хуурайшсан бол сэргэх боломжгүй байдаг.
1998-2002, 2013 онд хортон шавж ихэссэнээс сэргэхээргүй хуурайшсан ой бий. Гандаж хуурайшсан модод хортон шавж үүрлэх үүр болдог сөрөг талтай. Тиймээс гоожингоор бэлтгүүлж, түлшний хэрэглээнд ашигладаг. Сүүлийн жилүүдэд, тухайлбал 2016-2017 онд хортон шавжийн тэмцлийг сайн хийсэн тул 2018-2020 онд хортон шавж илрээгүй. Өнгөрсөн оноос хортон шавж нэмэгдэх хандлага ажиглагдаж, энэ онд цөөнгүй газарт илэрсэн.