Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байж байгаад л "ЭЗЭНГҮЙ" болдог боллоо. Та бидний мэдэж байгаачлан, сүүлийн жишээ нь "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Т.Аюурсайхан билээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тухайд ХНХ-ын 4 дэх сайдынхаа эрэлд гараад буй. Тус Засгийн газар ХНХЯ-нд "ДАЛЛАГА" авхуулахгүй бол сайд тогтохоо байсан талаар манай сайт энэ сарын 5-нд нийтэлсэн нийтлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Хуулиндаа, өмнөх сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дотор шинэ сайдыг томилох заалттай. Т.Аюурсайханыг өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн бөгөөд дараагийн сайдыг энэ 7 хоногт багтаан томилох төлөвтэй байгаа.
ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханыг "НҮҮРСНИЙ" хэрэгт холбогдсон даруйд дараагийн сайдын нэрс яригдаж эхэлсэн. Улстөрийн хүрээнд хамгийн өргөнөөр орж ирсэн нэрс бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар юм.
М.Оюунчимэг гишүүний тухайд өмнө нь "Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан нь түүнийг энэ яаманд тохирно" гэх үндэслэл болж буй бололтой. Мөн тэрбээр тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлууд дээр дуу хоолойгоо багагүй өргөдөг нь ч нөлөөлсөн байж болох юм.
Харин Б.Саранчимэг гишүүн Нийслэлийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсанаар гишүүн болсон нэгэн. Мөн энэ хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж буй. Түүнийг намынхаа "ГЕНСЕК" Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ойр бөгөөд тэднээс "дэмжлэг" авах магадлал гэж "АНГИЙНХАН" нь хардаж буй аж.
Ийнхүү сайд "тогтдоггүй" ХНХЯ-ны 4 дэх сайдыг энэ 7 хоногт томилохоор зэхэж буй бөгөөд дээрх 2 эмэгтэй гишүүнийг томилох магадлал өндөр байна. Аль эсвэл хэн нэгэн таамаг "ЭВДЭЭД" орж ирэхийг үгүйсгэхгүй юм.